МУИС болон Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар хоорондын Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ өнөөдөр /2025.07.02/ боллоо. Уг санамж бичгийн зорилго нь төрийн болон боловсролын байгууллагын түншлэлийг хөгжүүлж, хамтарсан сургалт, судалгаа, хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх юм.
Ёслолын ажиллагаанд МУИС-ийг төлөөлөн Ректор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, НДЕГ-ыг төлөөлж дарга Б.Батжаргал, Захиргаа,удирдлагын газрын дарга Б.Даваахүү нар болон бусад холбогдох газрын мэргэжилтнүүд оролцов.
Санамж бичиг байгуулснаар хоёр байгууллага нийгмийн даатгалын салбарын мэргэжилтэн, албан хаагчдад зэргийн бус чадавхжуулах сургалтыг зохион байгуулах, хамтарсан эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, нийгмийн даатгалын хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулах, судалгааны ажил дээр хамтран ажиллах, энэ чиглэлээр суралцаж буй оюутнуудыг мэргэжлийн дадлага хийхэд нь дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг төлөвлөн, ажлын төлөвлөгөөг боловсруулан ажиллах юм.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР