“Гэр харуулын түүхэнд холбогдох архивын баримтууд-I” ном хэвлэгдэн гарлаа

Share Button

МУИС-ийн Түүхийн тэнхим, Хөвсгөл аймгийн Хатгалын нутгийн зөвлөлийн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд “Гэр харуулын түүхэнд холбогдох архивын баримтууд” (Улаанбаатар, 2019) ном хэвлэгдэн гарлаа.

Манж Чин улс, Хаан Оросын хооронд байгуулсан 1727 оны “Буурын гэрээ”-гээр тогтоосон Монголын нутгийн умард хил хязгаарыг сахин хамгаалах зорилгоор гэр харуул суулгах болсноор харуулын алба үүсжээ. Харуул нь нэг талаас цэргийн журмаар хаах улсын чанартай алба болохын зэрэгцээ тусгайлсан газар нутаг, өрх, хүн ам, мал хөрөнгө бүхий засаг захиргааны онцгой нэгж болж байв.

Энэхүү эмхэтгэлд Монгол улсын Үндэсний Төв Архивт хадгалж буй XVIII-XX зууны эхэн үеийн Орос зүгийн Гэр харуулын холбоотой данс хараа, цэс, газрын зураг зэргээс түүвэрлэн оруулжээ. Эмхэтгэлд оруулсан баримтуудыг

  1. Гэр харуулын холбоотой дүрэм, журам
  2. Харуулын нутгийн зураг цэс
  3. Харуулын түшмэл, цэргийн данс, цэс
  4. Гэр харуулын нутаг дахь сүм дуган

гэсэн дөрвөн хэсэгт ангилсан бөгөөд энэ удаад гол төлөв Халхын Сайн ноён аймгийн гэр харуулын баримтыг жишээ болгон оруулсан байна.

Гэр харуулын албанд Монголын олон аймаг, хошуунаас өрх, цэрэг нэг жилээс хэдэн арван жил сууж, зарим нь тухайн нутагт идээшин дасаж, үлдэх тохиолд байжээ. Эдүгээ монголчуудын дунд өөрсдийгөө “харуулынхан” хэмээн нэрлэж буй хүмүүс цөөнгүй байгаа бөгөөд тэдний өвөг дээдсийн түүх харуултай нягт холбоотой юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар