“Global Green Challenger” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай боллоо

Share Button

2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр БНСУ-ын Боловсролын яамны санхүүжилтээр хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Global Green Challenger” олон улсын хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа Монгол Улсын Их Сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жилээс эхлэн хөтөлбөрийн хүрээнд Япон, БНХАУ, Болгар болон Төв Азийн орнуудын их, дээд сургуулиуд шинээр нэгдэж хөтөлбөрийн хүрээ улам өргөжиж, Монгол Улсын Их Сургууль хоёр дахь жилдээ амжилттай оролцож байна. 2024–2025 оны хичээлийн жилд МУИС-аас нийт 8 оюутан тус хөтөлбөрт шалгаран оролцож байна.

“Global Green Challenger” хөтөлбөр нь залуусын дунд ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шинэлэг санаачилгыг дэмжих, мөн олон улсын хамтын ажиллагаа, туршлага солилцоо, бүтээлч оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Нээлтийн арга хэмжээнд хөтөлбөрт оролцогч оюутнууд болон БНСУ-ын их сургуулиудын төлөөлөгчид болох хөтөлбөрийн багийн ахлагч, Инха их сургуулийн багш доктор, профессор Kiyoung Lee, Улсан их сургуулийн профессор Jing Wang, Инха их сургуулийн профессор Yongsug Tak нар оролцлоо.

Мөн Монгол Улсын Их Сургуулийг төлөөлөн Оюутны хөгжлийн газрын дарга доктор Б.Цэцэнцолмон, ахлах мэргэжилтэн Л.Чинзориг, мэргэжилтнүүд болох А.Ариунзаяа, Ц.Энхтайван нар болон хөтөлбөрийн зохион байгуулагчид оролцсон юм. Арга хэмжээний үеэр хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ болон ирэх өдрүүдэд хэрэгжих хамтарсан үйл ажиллагааны талаар танилцуулж, оролцогч талууд хоорондоо танилцан, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр хэлэлцэж, санал бодлоо солилцлоо.

Хөтөлбөрийн гол үйл ажиллагаа болох “Хакатон” тэмцээнд МУИС болон БНСУ-ын оюутнууд хамтарсан баг болж, Монгол Улсад тулгамдаж буй байгаль орчны асуудлыг шийдвэрлэх шинэлэг санаачилга, төслийг боловсруулан, англи хэлээр илтгэл хэлэлцэх юм.

Эцсийн шатны шалгаруулалт 2024 оны 7 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд ялагч баг 2026 оны 1 дүгээр сард БНСУ-д 6 хоногийн соёл, боловсролын айлчлалд оролцох эрхтэй болно.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар