“Багш, оюутны стартап 2025” хөтөлбөрийн хүрээнд “Startup Tour” танилцах аялал зохион байгууллаа

Share Button

Монгол Улсын Их Сургууль, Рио Тинто Монгол компанитай хамтран хэрэгжүүлдэг “Багш, оюутны стартап 2025” (NUM Startup 3.0) хөтөлбөрийн хүрээнд “Startup Tour” танилцах аялал 2025 оны 06-р сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Хөтөлбөрт хамрагдаж буй багш, оюутнуудад Монголын стартапын экосистемийн бодит орчинтой танилцуулах, стартапыг хөгжүүлэх үе шат, байгууллагын соёл, төслийн менежмент, бүтээгдэхүүний загварчлал, хамтын оффисын онцлог зэргийг таньж мэдүүлэх зорилгоор зохион байгуулсан энэхүү туршлага судлах, танилцах аялалд нийт 33 багш, оюутнууд хамрагдлаа.

Аяллын маршрут, үйл ажиллагаа:

1-р зогсоол: Рио Тинто Монгол ХХК-ийн оффис

Хөтөлбөрийн хамрагдагчид Рио Тинто Монгол ХХК-ийн байгууллагын соёл, инновацын менежментийн арга барилтай танилцав.

Тус компанийн туршлагатай инженер, менежерүүд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн үе шатууд болон бүтээгдэхүүний загвар гаргах процессын талаар танилцуулга хийв.

2-р зогсоол: “Сократус стартап студи” компанийн хамтын оффис

“Сократус стартап студи” компанийн захирал А.Мөнхцог багш, оюутнуудад Монголын стартап экосистемийн өнөөгийн нөхцөл байдал, боломж, сорилтуудын талаар сонирхолтой илтгэл тавив.

Мөн өөрийн компанийн хамтын оффисын зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар танилцуулав. Хөтөлбөр хамрагдагчид Стартапыг бойжуулагч хамтын оффисын орчин нөхцөл, уур амьсгал, гарааны стартапууд хэрхэн ажилладаг талаар мэдлэгтэй боллоо.

3-р зогсоол: “InnoHub Mongolia” хамтын оффис

“InnoHub Mongolia” хамтын оффисын стартапыг бойжуулах хөтөлбөр, хөрөнгө оруулалт олох боломж, амжилттай хэрэгжиж буй гарааны бизнесүүдийн жишээтэй танилцав.

Хөтөлбөрт хамрагдагчид тус хамтын оффисоос зохион байгуулсан “Hub Workshop”-д оролцож, мэдлэгээ тэлэв. Оюутнууд сэтгэгдлээ хуваалцаж:  “Стартапын бодит орчинтой танилцаж, туршлага судласан нь их урам зориг өгч байна, “Сургуулийн орчноос гадуур танилцах аялал хийх нь маш сонирхолтой, сэдэл өгсөн үр дүнтэй байна” гэсэн сэтгэгдлүүд хэллээ.

4-р зогсоол: Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк

Стартап аяллын баг үргэлжлүүлэн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк дээр зочилж үйл ажиллагаа, инновацын экосистемийн дэд бүтэц, нээлттэй орон зайтай танилцсан юм. Энэ хүрээнд:

  • Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн бүтэц, зорилго, үйл ажиллагаа, бүтээн байгуулалттай танилцав.
  • Инновацын экосистемийн бүрдэл хэсэг болох Технологи зүгшрүүлэлт, үйлдвэрлэлийн цехтэй танилцав.
  • “Гэрлаб” платформ төслийн угсралт, суурилуулалт, үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцав.
  • МУИС-ийн дэргэдэх Гарааны компаниудын болон инновацын бүтээлийн үзэсгэлэнг үзэв.

Ийнхүү “Startup Tour” танилцах аяллаар багш, оюутнууд стартапын экосистемийн төлөөлөгч байгууллагуудтай танилцаж, туршлага судалсан нь цаашид өөрийн шинэлэг санааг хөгжүүлэх, багаа зөв бүрдүүлэх, бизнесийн загвар боловсруулах, бүтээгдэхүүн хөгжүүлэхэд чухал ойлголт мэдлэг, урам зориг, сэдэл өгсөн үйл ажиллагаа боллоо.

Төслийн багууддаа өндөр амжилт хүсье.

Шинжлэх Ухаан Технологийн Улаанбаатар Паркийн

Технологи дамжуулах төв

tto@num.edu.mn

77307730 – 5310

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар