В.Ойдов “Соёл хоорондын харилцаа: Зөрчлийн шийдэл” сэдвээр лекц уншлаа

Share Button

2018 оны 3 дугаар сарын 28-нд “Дипломат ёслол, баримт бичиг боловсруулалт” хичээлийн хүрээнд манай сургуулийн 2001 оны төгсөгч В.Ойдов “Соёл хоорондын харилцаа: Зөрчлийн шийдэл” сэдвээр лекц уншсан юм. В.Ойдов сэргээн засалт, ахуй засал ба бие даан амьдрах үйлчилгээнд зориулагдсан туслах хэрэгслийн импорт ба үйлчилгээг үзүүлэгч Монголын анхны компани  болох “REHTUS” компанийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж буй бөгөөд Монгол, ОХУ, Швейцарь улсад боловсрол эзэмшин, амьдралынхаа гуравны нэгийг гадаад улс оронд өнгөрүүлсэн туршлагадаа үндэслэн лекцээ хөтлөн явуулсан билээ.

Хүн бүр өөрийн гэсэн үндэс угсаа, нас, хүйс, мэргэжил, үндэстэн, шашин зэргээс хамааруулан бүлэг үүсгэж байдаг. Нийгэмд үүсч буй олон бүлэг өөр хоорондоо харилцан адилгүй бөгөөд тус бүртээ өөрсдийн соёлыг бий болгодог байна. Үүнийг хамрах хүрээ, хүлээн зөвшөөрөгдөх хэлбэрээс хамааруулан нийтлэг, соёлын, болон хувийн гэж хуваан ангилдаг.

Соёлыг бид хүндийн хүчтэй зүйрлэж болно учир нь та зургаан фут өндөрт үсрэх хүртлээ үүнийгээ анзаардаггүй. Яг л өөрийн орны соёлоос өөр орны соёлд орох хүртлээ ялгааг нь олж харахгүйтэй адил.

Харин соёлыг мөсөн уулын загвараар авч үзвэл бидний харж буй 20% нь тухайн хүмүүсийн өдөр тутмын амьдрал, хооллолт, хөгжмийн сонирхол, уран зохиол, хувцаслалт, урлаг зэрэг байдаг бол үнэндээ бидний хардаггүй 80%-д тэдний соёлын илрэл болох асуудлыг шийдэх арга зам, настныг хүндлэх, нөхөрлөл гэх мэт үнэт зүйлс нь байдаг учир өөр соёлын хүмүүстэй харилцахдаа үл ойлголцох, зөрчлийн үндсэн шалтгаан болдог гэдгийг тэрээр өгүүлсэн юм.

Эдгээр зөрчил нь өдөр тутмын харилцаанаас эхлээд нэн чухал ажлын хэлэлцээний үед ч илэрч болох ба гагцхүү харилцагч талынхаа соёлын онцлог, үнэт зүйлийг нь ойлгож чадснаар үүнийг даван туулах боломжтой билээ. Энд нэгэн аргыг сийрүүлбээс “мэдлэг, чадвар, хандлага” гурвын нийлбэр нь соёл хоорондын харилцааг үүсгэх бөгөөд “Соёлын бүтцийг мэддэг бол та орчиноо удирдана, үгүй бол та орчиндоо удирдуулна” гэсэн зарчмыг байнга санаж явах нь зүйтэй.

Эцэст нь тэрээр “Соёлын талаархи мэдлэгтэй байлаа гээд соёлын харилцааг зохицуулах чадвартай болно гэсэн үг биш учир олон орны хүмүүстэй харилцаж хэвшмэл ойлголтоо багасгах хэрэгтэй” болохыг дурдаад “Гадаад хэл сурах нь тухайн орны соёлоос суралцах зөвхөн нэг зам” гэдгийг онцолсон юм.