Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилготой, Хүннүгийн түүхэн өв, соёлыг орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай хослуулсан ухаалаг, ногоон, тогтвортой “Хүннү” хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын уралдаан амжилттай болж өндөрлөлөө.

Уг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 баг оролцож, хоёрдугаар шатанд 24 баг шалгарсан. Эдгээр багийн бүтээлийг 2025 оны 11 дүгээр сарын 11-14-ний өдрүүдэд Улаанбаатар хотод НЗДТГ-ын байранд олон нийтэд нээлттэй үзэсгэлэн гарган танилцуулж, хот төлөвлөлтийн ОУ-ын мэргэжилтнүүдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн ажиллаж, шилдэг багуудыг тодрууллаа.

Уралдааны дүн гарахад:
- I байр -TEAM 13 – Франц улсын оролцогчид
- II байр- TEAM 6 – БНХАУ-ын оролцогчид
- III байр – TEAM 12 – Австрали Улсын оролцогчид
- Тусгай байр- TEAM 23 – Монгол Улсын Их сургууль, Ланд Овнер ХХК, Өвөр Монголын Аж үйлдвэрлэлийн Их сургууль, Өвөр Монголын Гранд Архитектур Дизайн компанийн хамтарсан баг
- Тусгай байр- TEAM 19 Финлянд, Сингапур, БНХАУ-ын оролцогчид тус тус шагналт байруудад шалгарлаа.
Тусгай байранд шалгарсан Team 23 “Hiimori City” багийн бүрэлдэхүүнд МУИС-ийн Газарзүйн тэнхимийн багш Г.Гантулга (дэд проф., Ph.D), Ц.Базарханд (дэд проф., Ph.D), Д.Дорлигжав (ахлах багш, Ph.D) болон Хот ба бүс нутаг төлөвлөлт хөтөлбөрийн төгсөгчид болох Д.Энх-Амгалан, С.Наранцогт, М.Бүжинлхам, Т.Дөлгөөн, Э.Дашням, Г.Золбаяр, IV түвшний оюутнууд Б.Анударь, Б.Байгальмаа нар оролцжээ.

“Hiimori City” багийн бүтээлд Монголчуудын уламжлалт Хийморийн философийг эко, смарт хот байгуулалтын чиг хандлагатай уялдуулан үндэсний түүх соёл, санхүү бизнес, тээвэр, логистикийн стратегийн зангилаа хот болгон хөгжүүлэх үзэл санааг дэвшүүлсэн байна.
Дашрамд дурдахад Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах ОУ-ын уралдааны I байранд шалгарсан баг 600.0 сая төгрөг, II байранд шалгарсан баг 400.0 сая төгрөг, III байранд шалгарсан баг 200.0 сая төгрөг, Тусгай байранд шалгарсан багууд тус бүр 100.0 сая төгрөгийн шагнал гардах юм байна.
Шагналт байранд шалгарсан багийн гишүүд нь цаашдаа Хүннү хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд зөвлөхөөр ажиллах боломж бүрдэх юм байна.
Хүннү хот нь бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд хот төлөвлөлтийн ухаалаг, ногоон, тогтвортой зарчмаар Засаг захиргаа, Эдийн засгийн чөлөөт бүс, Тээвэр логистикийн нэгдсэн төв, Их дээд сургуулийн цогцолбор өндөр технологийг дэмжин хөгжих тусгай чиг үүргийг гүйцэтгэх, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий нийслэл Улаанбаатар хотын дагуул хот болон хөгжих юм.

Олон улсын уралдаанд амжилттай оролцсон баг, хамт олны цаашдын ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.
Зургийг Hunnu city page-ээс

