Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн хөтөлбөр сурталчлах өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

МУИС-ийн ХШУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн Хүрээлэн буй орчин судлал, Байгаль хамгаалах технологи, Ойн аж ахуй, Хүрээлэн буй орчны инженер хөтөлбөрүүдийг танилцуулах, сурталчлах өдөрлөг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 12-ны өдрүүдийн хооронд хөтөлбөр сурталчлах 10 өдрийн хүрээнд өртөөчилсөн хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.

ӨРТӨӨ 1

Хугацаа: 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 09:00 – 13:30 цаг

Байршил: Барилгачдын талбай

”Иргэдийн оролцоотой байгаль орчны хяналт” сарын аяны хүрээнд зохион байгуулагдсан олон нийтэд чиглэсэн үзэсгэлэн арга хэмжээн дээр ХБООИТ-ийн багш, оюутнууд оролцож, мэргэжил хөтөлбөрөө танилцууллаа.

Барилгачдын талбай дээрх хөтөлбөр сурталчлах өдөрлөгийн үеэр

ӨРТӨӨ 2

Хугацаа: 2019 оны 04 дүгээр сарын 9-ний өдрийн 08:00 – 17:00 цаг.

Байршил: Найрамдал улсын хүүхдийн зуслан

Хамтран зохион байгуулагч: БОАЖЯам, Ойн Бодлого Зохицуулалтын Газар

Зорилго: 10-н жилийн дунд сургуулиудын ахлах болон дунд ангийн сурагчдад Ойг танин мэдэх, суралцах арга зам болон Ойн инженер, Ой судлаач, Ойн ах ахуйн инженер мэргэжлийн талаар таницуулахад оршино.

Зорилгын хүрээнд ой болон байгаль хамгааллын чиглэлийн мэргэжлээр их дээд сургуулиудад суралцах, мэргэших боломж, давуу болон онцлог талуудыг танилцуулах, сурагчдын цаашид сонирхон суралцах чиглэлийг сурталчлах, мэргэжилээ сонгоход мэдээллээр хангах, чиглүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан.

Хамрах хүрээ: Нийт 350 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явагдсанаас орон нутгийн буюу 21 аймгийн бүрэн дунд боловсролын сургуулиудаас нийт 126 сурагч, 21 багш болон нийслэлийн 10-н жилийн сургуулиудаас нийт 80 сурагч, 23 багш ажилчид оролцсон.

Оролцогч байгууллагууд: Ойн Бодлого Зохицуулалтын Газар, Ойн Судалгаа Хөгжлийн Төв, Монгол Улсын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, UN-REDD Төсөл, Ногоон Хэрэм Төсөл, Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага.

Оролцогч буюу мэргэжил сурталчлагч байгууллагууд тус бүрдээ 1, 1 өөрийн гэсэн сэдэв, агууллагатай 7 өртөөг байгуулсан бөгөөд нийт 350 сурагч багш нарыг 7 бүлэг болгон  өртөөнүүдээр ээлжлэн аялуулах замаар Ойн шинжлэх ухааны салбар, түүний хөгжил болон мэргэжлийн чиглэлүүдийн танилцуулга хийсэн. Танилцуулгийг өөр өөрсдийн сургуулиудын онцлог, давуу талуудыг харуулах байдлаар бэлтгэж, тайлбарлах замаар танилцуулсан.

МУИС-ийн Ойн аж ахуйн хөтөлбөрийн хувьд Дендрохронологи буюу Модны цагираг судлал гэдэг сэдэвтэйгээр 5 дугаар өртөөг байгуулан МУИС дахь ойн аж ахуйн хөтөлбөр болон хөтөлбөрийн сургалт явуулах бааз суурь, судалгааны лабораториуд, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг эрдэмтэн багш нар тэдгээрийн гадаад болон дотоод харилцаа, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар танилцуулсаны зэрэгцээ Модны цагираг судлалын шинжлэх ухааны үүсэл хөгжил, ач холбогдол болон монгол улс дахь модны царираг судлалын шинжлэх ухааны хөгжил, судалгааны зарим сонирхолтой үр дүнгүүдээс танилцуулсан.

Өртөөнүүдийн дараалал, зохион байгуулалт Сэдэв

1. ОБЗГ – UN-REDD – Монгол орны ойн сан, түүний ач холбогдол

2. НОГООН ХЭРЭМ – Мод үржүүлгэ болон хуурай гандуу бүсийн ойн нөхөн сэргээлт

3. ХААИС – Ойжуулалт, ойн аж ахуй

4. ШУТИС – Ойн үйлдвэрлэл, ашиглалт

5. МУИС – Дендрохронологи, ойн судалгаа

6. ОСХТ – Ойн хөнөөлт шавж, тэмцэх арга

7. FAO – Ойн нөөц, нүүрстөрөгчийн шингээлт

Өртөө #5. МУИС – Дендрохронологи

Хөтөлбөр болон мэргэжлийн талаар

Дендрохронологи болон судалгааны үр дүнгийн талаар

ӨРТӨӨ 3

Хугацаа: 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 11:00 – 13:30 цаг

Байршил: МУИС-ийн номын сангийн 2 давхар

Үйл ажиллагааны хөтөлбөр:

11.00 – 11.05   Нээлт

11.05 – 11.20   Хөтөлбөрүүдийн танилцуулга

11.20 – 11.30   Асуулт, хариулт, уулзалт – ярилцлага

11.30 – 12.10   “Хүрээлэн буй орчны өнгө” хөгжөөнт тэмцээн

12.10 – 12.20  Оюутны “Экологи” клубын танилцуулга

12.20 – 12.30   Асуулт, хариулт, уулзалт – ярилцлага

12.30 – 13.15   Танин мэдэхүйн “АХА” тэмцээн

  • – 13.30 Хаалт

Тус өдөрлөгийн үеэр төгсөгчдийн цахим мэндчилгээ болон хөтөлбөрүүдийн танилцуулгыг багш нар өөрийн биеэр танилцуулж, мөн дэлгэц дээр видео танилцуулгыг хүргэж байв. Мөн тэнхимийн лабораториудын болон судалгааны багаж тоног төхөөрөмжийн танилцуулгыг танилцуулж, оюутнуудад хөтөлбөрүүдийн танилцуулга гарын авлагыг тараав.

Хүрээлэн буй орчин судлал, Байгаль хамгаалах технологи хөтөлбөрийн албан ёсны видео танилцуулгыг мэргэжлийн газраар хийлгэж хөтөлбөрийн албан ёсны цахим сүлжээгээр нийтэд түгээсээр байгаа ба мөн оюутнуудын чухалчлан үздэг ажлын байртай холбоотой асуултад шууд хариулагдах төгсөгчдийн видео танилцуулга буюу цахим мэндчилгээг хийж, тус өдөрлөгт ирсэн оюутнуудад танилцуулж, мөн фэйсбүүк хуудсаар дамжуулж олон нийтийн сүлжээнд байршуулсан.

Холбоос: https://www.facebook.com/HBOSBOHT/videos/1987730211545101/

Холбоос: https://www.facebook.com/HBOSBOHT/videos/1988025891515533/

ӨРТӨӨ 4

Таримал ойн өсөлт, хөгжилтийн онцлог” сэдэвт сургалт зохион байгуулав.

Хугацаа: 2019 оны 04 дүгээр сарын 12, 13-ны өдөр

Байршил: Сэлэнгэ аймгийн Тужийн нарсны Байгалийн Цогцолборт газар

МУИС-ийн ХШУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимээс “Таримал ойн өсөлт, хөгжилтийн онцлог” сэдэвт сургалтыг 2019 оны 4 сарын 12 –ны өдрөөс эхлэн 2 хоногийн хугацаанд Сэлэнгэ аймгийн Тужийн нарсны Байгалийн Цогцолборт газарт зохион явууллаа.

Уг сургалтанд МУИС болон ХААИС-д Ойн аж ахуй хөтөлбөрөөр суралцаж буй 40 оюутан суралцагчид хамрагдлаа. Сургалтыг ойжуулалт хийсэн талбай, таримал ой бүхий газарт зохион байгуулсан нь тус сургалтын онцлог бөгөөд сургалтад хамрагдагсадад ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлын үр дүнг дээшлүүлэх, таримал ойг арчлах, хамгаалах, түүний бүтээмжийг нэмэгдүүлэх ойн арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Оюутанд ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг амжилттай хийж гүйцэтгэх, таримал ойг арчлах, түүний бүтээмжийг нэмэгдүүлэх талаар хийж буй практик үйл ажиллагаатай газар дээр танилцан, туршлага судлах боломж олгож, тэнхимийн сургалтаар авсан онолын мэдлэгээ баталгаажуулах боломж олгосонд тус сургалтын ач холбогдол оршино.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар