Монгол Улсын Их Сургууль нь 2018-2019 оны хичээлийн жилд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэстэй 2018 оны 9 дүгээр сард “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гуравласан гэрээ”-нд гарын үсэг зуран хамтран ажиллав.
Гэрээ нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд их дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, оюутан залуусаас гэмт хэрэгт холбогдох, өртөж хохирох шалтгаан нөхцөлийг арилгах, тэдний эрх ашгийг хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэх, аюулгүй орчин бүрдүүлэх зорилготой.
СБД-ийн ИТХ, СБД-ийн Цагдаагийн хэлтэс болон СБД-ийн Прокурорын газруудаас бүрдсэн ажлын хэсэг дүүргийн их дээд сургууль, коллеж, МСҮТ-үүдийн “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах гуравласан гэрээ”-ний дагуу хийсэн ажилтай 2 удаа танилцан 6 үзүүлэлтээр дүгнэн дүнгээ гаргав.
Үндэсний соёл амралтын хүрээлэнд 2019 оны 5 дугаар сарын 17-нд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг зохион байгуулж, гуравласан гэрээний хүрээнд сургууль, хамт олноо гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвх, санаачилгатай ажилласан сургууль, хамт олон, нийгмийн ажилтнуудыг шагнаж урамшуулав.
Монгол Улсын Их Сургууль дүүрэгтээ манлайлан 6 үзүүлэлтээр 39 оноо авч тэргүүн байр эзлэн “Хүндэт өргөмжлөл”, 5 сая төгрөгийн хамт гардан авлаа.
Мөн МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтсийн Хууль, эрх зүйн зөвлөх үйлчилгээ тэргүүн байр эзлэн Талархал, мөнгөн шагналаар шагнагдлаа.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС