Монгол-Хятадын соёлын анхдугаар симпозуим амжилттай зохиогдов

Share Button

Ойлгохуйн хийгээд тайлбарлахуйн ухаан болох философи хэмээх нэгэн уулзварт хоёр орны их мэргэд ном хаялцсан  Монгол-Хятадын соёлын анхдугаар симпозуим өнгөрөгч баасанд амжилттай зохиогдлоо. МУИС болон Күнзийн институт хамтран зохион байгуулсан тус хуралд НШУС-ийн  Философийн тэнхим, Шашин судлалын тэнхим, ГХСС-ийн Хятад хэлний тэнхим, Хятадын  Шандунь их сургуулийн  Философи, нийгмийн хөгжлийн сургууль, Шанхайн их сургууль, Хуадун багшийн их сургууль, ӨМӨЗО-ы Их сургуулийн эрдэмтэн, профессор, хүрээлэнгийн захирлууд  хүрэлцэн ирж, буддын соёл, шашин, философийн асуудлаар нийт 14 илтгэл тавьж хэлэлцүүлэв.  Хоёр орны философи, шашин судлалын эрдэмтэд, судлаачид сургалт судалгааны чиглэлээр харилцан мэдлэг, мэдээлэл, туршлага солилцсон энэхүү симпозуим  цаашид жил бүр уламжлан зохион байгуулагдснаар  хэтийн ирээдүйд хамтарсан төсөл хэрэгжүүлэх, ном сурах бичиг зохиох, Монголын соёл, сэтгэлгээг өмнөд хөршид сурталчлах, Хятадын философийг Монголд түгээн дэлгэрүүлэх замаар хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад өндөр ач холбогдолтой байх юм.

“Энэхүү Монгол-Хятадын соёлын анхдугаар симпозуим  нь өнгөрөгч 2010 оны 12-р сард байгуулагдсан МУИС-ийн НШУС болон Шандунь их сургуулийн Философи, нийгмийн хөгжлийн сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд зохиогдож буй томоохон арга хэмжээ бөгөөд үүгээрээ түнш сургуулиудын төдийгүй хоёр орны   философийн сургалт судалгаа ямар түвшинд байгаа тухай харилцан мэдээлэл солилцож, цаашид хамтран ажиллах судалгааны гарц, чиглэлүүдээ тодорхойлсон ийм үр дүнтэй хурал боллоо” хэмээн тус сургуулийн Философийн тэнхимийн эрхлэгч профессор, Р.Дарьхүү ярилаа.

 Дашрамд сонирхуулахад дорнын их сэтгэгч Күнзийн төрсөн нутаг болох Шандунь муж нь улсдаа бүсчилсэн хөгжлөөр эхний гуравт ордог,   Шандунь их сургууль нь Хятадын  топ арван сургуулийн нэгд багтдаг юм байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар