“Багш, оюутны стартап-2019” шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө

Share Button

МУИС-ийн захирлын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/123 дугаар тушаалд үндэслэн МУИС-ийн багш, судлаачдын судалгааны үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд багш, оюутны хамтын оролцоог идэвхжүүлэх, гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Багш, оюутны стартап 2019” хөтөлбөрийг 2019 оны 4 дүгээр сараас 11 сар хүртэл хугацаанд зохион байгуулсан. Тус хөтөлбөрийн эцсийн шатны шалгаруулалтыг 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр МУИС-ийн Эрдмийн өргөөд амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээг МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал нээж, Инноваци, технологи дамжуулах төвийн ахлах мэргэжилтэн Д.Лхагвасүрэн хөтөлбөрийн үйл ажиллагааны явцын үр дүнг танилцуулав.

Шалгаруулалтын арга хэмжээний хүндэт зочноор Европийн Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Төслийн менежер М.Бямбарагчаа, НҮБХХ-ийн Төлөөлөгчийн газрын Залуучуудын Энтрепренершип ба Инновацийн асуудал хариуцсан зөвлөх Петр Конгламавон, “Идэвхижсэн 2030” төслийн мэргэжилтэн Г.Пагмасүрэн, Г.Намуун, ЖАЙКА-ийн Монгол дах Төлөөлөгчийн газрын Төлөвлөлт, судалгааны мэргэжилтэн Хотта Кентаро нар уригдаж ирж мэндчилгээ дэвшүүлж инноваци, гарааны компанийн төслийг дэмжих боломж, санхүүжилт авах төсөл хөтөлбөрт хамрагдах арга замын талаар танилцууллаа. Мөн БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн дарга Б.Одгэрэл ЭШБ-ын дэргэд гарааны компани байгуулах эрхзүйн орчин, өөрчлөлт шинэчлэлийн талаар мэдээлж, нийт оролцогчдод амжилт хүслээ.

 

“Багш, оюутны стартап 2019” хөтөлбөрийн эцсийн шатны шалгаруулалтад урилгаар  БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн дарга Б.Одгэрэл, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, Бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төслийн мэргэжилтэн Накамура Коо, Нью-Ком группийн захирал Н.Энхболд, ICT группийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн, “Рио Тинто” компанийн Харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан менежер Б.Даваасүрэн, “Эрдэнэс Таван Толгой ХК”-ийн Уул уурхайн хэлтсийн Үйлдвэрлэл, технологийн менежер Д.Уужимсанаа нар шалгаруулалтыг шүүлээ.

Шалгаруулалтын үнэлгээний 30 хүртэл хувийг хөтөлбөрийн явцын үйл ажиллагаанд оролцсон ментор, сургагч багш нарын нэгдсэн оноогоор, шалгаруулалтын үнэлгээний 70 хүртэл хувийг эцсийн шалгаруулалтын үйл ажиллагаанд оролцсон шүүгчдийн бүрэлдэхүүний оноогоор үнэлж нэгдсэн оноогоор байр эзлүүлсэн.

“Багш, оюутны стартап 2019” хөтөлбөр 7 сар гаруй хугацаанд үргэлжилж нийт 8 багийн 63 багш, оюутан хамтран баг бүрдүүлж шалгаруулалтад оролцсон ба багуудыг хөгжүүлэх бизнесийн үндсэн сургалтыг .Бизнесийн сургуулийн Бизнес, консалтинг төв явуулж ментор, зөвлөх үйлчилгээг БСШУСЯ, ОӨГ, МОӨИТХ, МХХ зэрэг байгууллагуудын мэргэжилтэн, шинжээчид үзүүллээ.

“Багш, оюутны стартап 2019” хөтөлбөрийн гарааны компанийн төслийн багууд:

  1. Гарааны компанийн төслийн нэр – “Synergy”, Багийн гишүүд: 8

Хөгжүүлэх технологийн чиглэл – “Soybucktorn”-Шар буурцаг чацарганы эрүүл мэндийн пробиотик ундаа

Багийн ахлагч: Проф. Б. Батжаргал, ШУС, БУС, Биологийн тэнхим

  1. Гарааны компанийн төслийн нэр – Mongolian Bio Future, MBFu, Багийн гишүүд: 9

Хөгжүүлэх технологийн чиглэл – Монгол орны актиномицетээс хоолойн махны үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эмийн бэлдмэл гарган авах

Багийн ахлагч: Дэд проф. Б.Даваапүрэв , ХШУИС, Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

  1. Гарааны компанийн төслийн нэр – “Vertex Gas”, Багийн гишүүд: 9

Хөгжүүлэх технологийн чиглэл – “Энергийн Инноваци”

Багийн ахлагч: Проф.Б.Энхсаруул, ШУС, БУС, Химийн тэнхим

  1. Гарааны компанийн төслийн нэр – “Aquafil++”, Багийн гишүүд: 6

Хөгжүүлэх технологийн чиглэл – Композит материалаар ус цэвэршүүлэх

Багийн ахлагч: Дэд профессор Д.Хасбаатар, ХШУИС, Хими, биологийн инженерчлэлийн тэнхим

  1. Гарааны компанийн төслийн нэр – “AryProtech”, Багийн гишүүд: 7

Хөгжүүлэх технологийн чиглэл– “Maxytest” мах ялган тодорхойлох цомог

Багийн ахлагч: Дэд проф. Д.Лхагвасүрэн, ШУС, БУС, Биологийн тэнхим

  1. Гарааны компанийн төслийн нэр – “M-col”, Багийн гишүүд: 7

Хөгжүүлэх технологийн чиглэл – Solar Hot Water

Багийн ахлагч: Магистр Б.Онон, Доктор. Э.Пүрэвдалай, ХШУИС, Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

  1. Гарааны компанийн төслийн нэр – “Xplore Mongolia”, Багийн гишүүд: 4

Хөгжүүлэх технологийн чиглэл – The Scientific Tour of NUM

Багийн ахлагч: Дэд проф. Ч. Сономдагва, ХШУИС, Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхим

  1. Гарааны компанийн төслийн нэр – “SecHUB”, Багийн гишүүд: 4

Хөгжүүлэх технологийн чиглэл – Хэрэглэгчдэд мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг олгох портал хөгжүүлэх

Багийн ахлагч: Доктор Н.Угтахбаяр, ХШУИС, Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

“Багш, оюутны стартап 2019” хөтөлбөрийн эцсийн шатны шалгаруулалтын нэгдсэн дүнгээр Тэргүүн байрт Дэд проф. Б.Даваапүрэв удирдагчтай “Mongolian Bio Future” баг шалгарч 12 сая төгрөг, Дэд байрт Проф. Б. Батжаргал удирдагчтай “Synergy” баг шалгарч 10 сая төгрөг, Гуравдугаар байрт Дэд проф. Д.Лхагвасүрэн удирдагчтай “Aryprotech” баг шалгарч 8 сая төгрөгийн гарааны бизнесийн тэтгэлэг авах эрхийн бичиг гардан авлаа.

Хөтөлбөрт оролцсон нийт гишүүдэд баяр хүргэж батламж гардуулсны зэрэгцээ хүндэт зочид, шүүгчдийн бүрэлдэхүүнээс байгууллагын нэрэмжит шагнал, болон хамтын ажиллагааны санал дэвшүүллээ. Тухайлбал: Тус хөтөлбөрт амжилттай оролцсон “Mongolian Bio Future”, “Synergy”, “Xplore Mongolia”, “Aquafil++” багийн 10 гишүүнд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвөөс зохион явуулдаг “Бизнесийн үндсэн сургалт”-ад хамрагдах тэтгэлгийг Жайка-Бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төслийн мэргэжилтэн Накамура Коо гардуулан өгөв.

ICT группийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэнгээс нийт оролцогчдод баяр хүргээд цаашид МУИС-тай судалгааны лаборатори байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцож байгаа ба Доктор Н.Угтахбаяр ахлагчтай “SecHUB” багийн хамт олны гарааны бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, лабораторийн орчинд шаардлагатай тоног төхөөрөмж, техникийн нөхцөл бололцоог хангаж өгөх, “Mongolian Bio Future” багийн гарааны бизнест хөрөнгө оруулж нийт Монголын хүн амын эрүүл мэндийн төлөө хамтран ажиллах хүсэлтээ  илэрхийллээ. Түүнчлэн “Xplore Mongolia” төслийн багийн үйл ажиллагааг цаашид хөгжүүлэхэд дижитал түүхэн газарзүйг хөгжүүлэх, палентологийн газарзүйг хөгжүүлэх чиглэлд дэмжиж зөвлөж ажиллах санал дэвшүүллээ.

Нью-Ком группийн захирал Н.Энхболд нийт оролцогчдод баяр хүргэж, дотооддоо мэдээллийн аюулгүй байдлын мэдлэг олгох портал хөгжүүлэх нь нэн чухал болохыг онцлон тэмдэглээд “SecHUB” багийн төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж өөрийн компанид мэдээллийн аюулгүй байдлыг үнэлэх, зөвлөх үйлчилгээний анхны хэрэглэгч нь болох бизнес санал гаргалаа.

“Эрдэнэс Таван Толгой ХК”-ийн Уул уурхайн хэлтсийн Үйлдвэрлэл, технологийн менежер Д.Уужимсанаа тус хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрэх үр дүнг онцолж, мөн тус хөтөлбөрийг өргөн хүрээнд амжилттай зохион байгуулж байгаад баяр хүргээд Проф.Б.Энхсаруул удирдагчтай “Энергийн Инноваци” багтай цаашид судалгаа, туршилт үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах санал дэвшүүллээ.

Холбоо барих: МУИС, Инноваци, технологи дамжуулах төв

77307730-1141, tto@num.edu.mn

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар