ТӨГСӨГЧДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН СУДАЛГААНЫ ТАЙЛАН
(2018-2019 оны хичээлийн жилд төгсөгчдийн мөшгөх судалгаа)
МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс нь 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн МУИС төгсөгчдийн ажил эрхлэлтийн мөшгөх судалгааг хийж бүрэлдэхүүн сургууль, тэнхимүүд болон бүх нэгжүүдэд хүргүүлж ажиллаж байна. Энэхүү судалгаа нь 1 жилийн хоцрогдолтой хийгддэг бөгөөд өөрөөр хэлбэл төгсөөд 1 жилийн дараа ажил эрхлэлтийн байдал ямар байгааг тодруулах зорилготой.
Энэ удаагийн судалгаанд 2018-2019 оны хичээлийн жилд төгсөгчдийн 40-өөс багагүй хувийг хамруулж, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, хувь хэмжээг тодорхойлсон бөгөөд Социологи, нийгмийн ажлын тэнхимтэй хамтран, мэргэжлийн зөвлөх багш, судалгааны мэргэжлийн магистрант, оюутнуудтай хамтран ажилласнаараа онцлог ажил боллоо.
Тус судалгааны үндсэн зорилго нь төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, эрхэлж буй ажлын төрөл хэлбэр, ажилд ороход нөлөөлсөн хүчин зүйлс, ажил эрхлээгүй байгаа бол үндсэн шалтгааныг тодорхойлох, их сургуулиас оюутанд үзүүлж буй үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн дүгнэлт, зөвлөмж гаргахад чиглэгдсэн болно.
Судалгааны үр дүнгээс харахад нийт төгсөгчдийн 75.7 хувь нь ажил эрхэлдэг бол, 24.3 хувь нь ямар нэг ажил эрхлээгүй гэсэн хариултыг өгсөн.
Ажил эрхлэлт хамгийн өндөртэй гурван сургуульд ОУХНУС-88.9%, Бизнесийн сургууль-86.2%, Хууль зүйн сургууль-85.6% багтаж байна. Эдгээр сургуулийг төгсөгчдийн ажил эрхлэлтийн хувь улсын дунджаас (75.2%) 10.4-13.7 хувиар өндөр байгаа юм.
Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтийн үйл явцтай уялдуулан төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлыг гаргах, ажилгүйдлийн шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, их сургуулиас бэлтгэгдэж буй мэргэжилтний ур чадвар хөдөлмөрийн зах зээлд нийцэж буй эсэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, суралцах хугацааны хөтөлбөрийн давуу болон сул талыг үнэлүүлэх замаар сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд уг судалгааны үр дүн ач холбогдол оршино.
Судалгааны үр дүн, тайлантай танилцаж, өөрсдийн үйл ажиллагаанд тусгахын зэрэгцээ аргачлал болон дүн шинжилгээтэй холбоотой санал хүсэлтээ ОТХ (МУИС-ийн 2-р байр, 200, 216, 217 тоот) болон цахим хаягаар илгээж хамтран ажиллахыг хүсье.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС