“МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ШИЛДЭГ ОЮУНЫ ӨМЧ БҮТЭЭГЧ”-ИЙН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Share Button

МУИС-аас Оюуны өмчийн газартай хамтран жил бүрийн 4 дүгээр сарын 26-нд тохиодог Дэлхийн оюуны өмчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд оюуны өмчийн хурал, зөвлөгөөн, “МУИС-ийн Шилдэг оюуны өмч бүтээгч”-ийн шагнал гардуулалт зэрэг арга хэмжээг зохион байгуулж, ололт амжилтаа тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ.

 

МУИС-ийн эрдэмтэн, судлаачдын бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг дэмжиж, инновацийн соёлыг төлөвшүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “МУИС-ийн Шилдэг оюуны өмч бүтээгч”-ийн шалгаруулалтыг 3 дугаар сард хийсэн ба МУИС-ий захирлын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/104 дугаар тушаалын дагуу тус шагнал гардуулалтын арга хэмжээг өнөөдөр Оюуны өмчийн газартай хамтран зохион байгууллаа.

Шагнал гардуулалтын арга хэмжээнд МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр, Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга Г.Амарсанаа, Инноваци, технологи дамжуулах төвийн ахлах мэргэжилтэн Д.Лхагвасүрэн, Оюуны өмчийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг, Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С.Урангэрэл, Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-эрдэнэ, Шинэ бүтээл, ашигтай загварын шинжээч, TISC хөтөлбөрийн зохицуулагч Б.Одгэрэл нар болон эрдэмтэн багш, судлаачдын төлөөллүүд оролцлоо.

Арга хэмжээг нээж Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал хэлсэн үгэндээ “МУИС-ийн эрдэмтэн судлаачдын бүтээл туурвих, шинийг санаачлах эрдмийн ажил тасралтгүй өсөн нэмэгдэж ирсэн. Онолын суурь судалгаанаас хэрэглээнд чиглэсэн судалгаа, хөгжүүлэлтийн ажлууд эрчимжиж МУИС-ийн нэр дээр эзэмшилтэй бүртгэгдэж буй оюуны өмчийн тоо мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Эдгээр оюуны өмчийг бизнесийн эргэлтэд оруулахад Инноваци, технологи дамжуулах төвөөс “Багш, оюутны стартап”, инновацийн төслийн грант олгохоос гадна оюуны өмчийн сургалт, инновацийн үзэсгэлэн, бизнес уулзалт зэрэг олон арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг. Өнөөдөр шагнал авч байгаа судлаачид цаашид эрдмийн ажлын үр дүнд бий болсон оюуны өмчөө лицензийн гэрээ байгуулах, гарааны  компани байгуулах, дотоодын бизнесүүдтэй хамтран ажиллах зэргээр үйлдвэрлэлд нэвтрүүлж, Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд ашиг тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна” гэв.

Оюуны өмчийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг хэлсэн үгэндээ “Оюуны өмчийн газарт их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудаас бүртгүүлсэн оюуны өмчийн статистик мэдээллээс харахад МУИС-ийн нэр дээр эрх эзэмшилтэй бүртгэгдсэн шинэ бүтээлийн тоо өндөр хувийг эзлэхийн зэрэгцээ технологи дамжуулалтын хүрээнд сайн жишиг тогтоон ажиллаж байна. Оюуны өмчийн газар, ДОӨБ, ТИСК хөтөлбөрөөс зохион байгуулдаг олон арга хэмжээнд МУИС-ийн багш, судлаач, оюутнуудтай хамтран үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, Оюуны өмч Инновацийн соёлыг түгээх, хэрэгцээг бий болгож байгаа багш, судлаачдын шинийг бүтээх бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, оюуны өмчийн соёлыг түгээн дэлгэрүүлж буй “МУИС-ийн Шилдэг оюуны өмч бүтээгч”-ээр шалгарсан нийт судлаачдад баяр хүргэж амжилт хүслээ”.

 

МУИС-ийн Шилдэг оюуны өмч бүтээгч шагналд шалгарсан судлаачид

Зохиогчийн нэр Бүтээлийн нэр Бүртгэлийн дугаар

Батлагдсан огноо

1 Дэд проф.А.Амарбаяр, ХШУИС, ЭХИТ

Э.Отгонзул, ХШУИС,ЭШТА

Нарны энергиэр агаар халаах төхөөрөмж 10-0004832

2020.01.06

2 Проф.Ж.Батхүү, ХШУИС, ХБИТ

Н.Цэвэлмаа, Б.Нарангэрэл

Бруцеллезыг эмчлэх болон түүнээс урьдчилан сэргийлэх бэлдмэл 10-0004787

2019.09.09

3 Проф.Б.Ганбат, Дэд проф. Д.Номин-Эрдэнэ ХШУИС, ЭХИТ Цэгэн гэрлийн үүсгэгчтэй нийлмэл гурван хэмжээст дүрсийн дэлгэц болон түүний нягтшилийг сайжруулах арга 10-0004779

2019.09.09

4 Б.Оюун, Докторант, Проф.Д.Эрдэнэчимэг Проф.Б.Очирхуяг, ХШУИС, ХБИТ Зэсийн сульфидын хүдрийг урьдчилан боловсруулах арга 10-0004702

2019.03.29

5 Проф Д.Пүрэв, Дэд проф Ж.Баярмаа, ШУС, Биологийн тэнхим Хөрсөнд явагдаж байгаа биологийн процессын эрчмийг тодорхойлох арга 10-0004712

2019.04.30

6 Дэд проф. Ц.Соёл-Эрдэнэ, Проф, Д.Дорж

Дэд Проф, Т.Энхдөл, ХШУИС, ХБОИТ

Э.Цэвээндорж

Хорт бодис/хүнд металлыг шингээх усны ургамлын биосорбент 10-0004771

2019.09.09

7 Проф.Б.Энхсаруул, Проф. Д.Монхообор, Г.Энхжаргал, Лаборант, ШУС, Химийн тэнхим Занарын дулаан задралын судалгааны төхөөрөмж 10-0004711

2019.04.30

8 Проф.Б.Энхсаруул, ШУС, Химийн тэнхим

Дэд проф.Ц.Төгсөө,, ХШУИС, ХБИТ

Б.Буян-Өлзий, ЭШТА

Метанжуулах процессийн нэмэлт металл идэвхжүүлэгчтэй никель катализатор бэлтгэх арга 10-0004798

2020.01.31

 

9 Проф.Б.Энхсаруул, ШУС, Химийн тэнхим

Б.Батдэлгэр, ЭШТА

Б.Буян-Өлзий, ЭШТА

Дээж тогтоогч хоолой бүхий метанжуулалтын хөдөлгөөнгүй давхаргат реакторын бүтэц, ажиллагаа 10-0004790

2020.01.31

 

10 Дэд проф. Б.Даваапүрэв, Магистрант Г.Намуунаа, Проф. Ж.Батхүү, ХШУИС, ХБИТ Ургамлын ханд агуулсан ам зайлагч бүтээгдэхүүн 20-0003000

2019.05.28

11 Д.Лхагвасүрэн, ШУС, Биологийн тэнхим

Ц.Хишигжаргал, Магистрант, ШУС

Ц.Номин, Магистрант, ХШУИС

Б.Оюунсувд, Бакалавр, ШУС

Д.Нандинцэцэг, Бакалавр, ШУС

Б.Билгүүн, Бакалавр, БС

М.Лхагвасүрэн, Бакалавр, ХШУИС

Т.Нямцэцэг, Бакалавр, ХШУИС

Хонь, ямааны мах болон цусны гарал үүслийг ялгах поликлонт эсрэг биет түргэн оношлуур 20-0003131

2020.02.21

Инноваци, технологи дамжуулах төв

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар