Шинжлэх ухааны хөгжил, судалгаа шинжилгээнд өрсөлдөөн, үр дүн, инновацид суурилсан, нээлттэй, ил тод зарчмыг нэвтрүүлэхэд эрх зүйн орчны нөлөө” сэдвийн хүрээнд Хэлэлцүүлэг-2 амжилттай боллоо.
Хэлэлцүүлэгт МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга С.Мөнхбат нар оролцож, үг хэлж, саналаа илэрхийллээ.
Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал нээж хэлсэн үгэндээ, Их сургуулийн сургалт, шинжлэх ухааны судалгаа шинжилгээний эрх зүйн орчин түүний дотор Шинжлэх ухаан, технологийн тухай, Дээд боловсролын тухай, Судалгааны их сургуулийн тухай хуулийн төсөл боловсруулахад МУИС-ийн эрдэмтэн багш, профессоруудын оролцоог хангах, эрдмийн хамт олны санал бодлыг бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдад хүргүүлэх зорилго бүхий МУИС-ийн Захирлын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ажлууд нь эхнээсээ тодорхой үр дүнд хүрч байгаад баяр хүргээд, ажил хэрэгч, шийдэлтэй хэлэлцүүлэг болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Хэлэлцүүлэгт “Их сургуулийн засаглалын чиг хандлага” сэдвээр ХЗС-ийн Профессор О.Мөнхсайхан, “Их дээд сургуулиудын санхүүжилтийн талаарх санал, боломжууд” сэдвээр ШУС-ийн Профессор Б.Отгонтөгс, Судалгааны их сургуулийн удирдлага, менежмент сэдвээр Др, Р.Бат-Эрдэнэ нар чиглүүлэх илтгэл тавьсан ба нийт 50 гаруй багш оролцсоноос 15 багш асуулт асууж, санал зөвлөмж өрнүүллээ. Багш нарын санал гол нь 1. Их сургуулийн улс төрөөс хараат бус, бие даасан байдлыг хангах, 2. Дээд боловсролын санхүүжилт олон талт эх үүсвэртэй байж, эндаумент санг хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх, 3. Судалгааны их сургуулийн зорилго алсын харааг тодорхойлж, судалгаа шинжилгээ, ахисан түвшний сургалт, судалгааг дэмжих. 4. Судалгааны их сургуулийн шалгуур үзүүлэлтийг тодорхой, хэмжигдэхүйц байдлаар боловсруулахад анхаарах зэрэгт төвлөрсөн.
Өмнөх хийсэн хэлэлцүүлгүүд, уулзалтуудын үр дүнг нэгтгэн бусад их сургуулиуд болон бодлого боловсруулагчдад хүргэх, нөлөөллийн арга хэмжээг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулж, МУИС-ийн удирдлагад танилцуулах чиглэлээр ажлын хэсэг үйл ажиллагаагаа явуулж байна. Хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон нийт багш профессорууд, оролцогч талууддаа талархлаа илэрхийлье.
АЖЛЫН ХЭСЭГ