Жайка байгууллагын Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын дарга, хатагтай Тамура Эрико МУИС-д зочиллоо

Share Button

Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол улс дахь Төлөөлөгчийн газрын дарга, хатагтай Тамура Эрико 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр МУИС-д зочиллоо. ЖАЙКА төлөөлөгчийн газрын даргыг МУИС-ийн захирал Б.Очирхуяг хүлээн авч уулзсан бөгөөд уулзалтад Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Р.Лодойравсал, Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Б.Энх-Амгалан, АТС-ийн захирал Н.Баатарбилэг, ХШУИС-ийн захирал Д.Бямбажав, профессор Ж.Батхүү болон албаны бусад хүмүүс байлцлаа.

МУИС-ийн захирал Б.Очирхуяг “Нүүдэлчин Монголчуудын уламжлалт мэдлэгт тулгуурлан бэлчээрийн тэжээлийн зэрлэг ургамлыг зүй зохистой ашиглах замаар бэлчээрийг нөхөн сэргээх нь” сэдэвт САТРЕПС төсөл МУИС дээр хэрэгжихээр болсонд баяртай байгааг уулзалтын эхэнд дурдаад хатагтай Тамура Эрико тэргүүтэй зочдыг цаг зав гарган, төслийн явцтай танилцахаар хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлэв. Тэрээр үргэлжлүүлэн МУИС судалгааны их сургууль болох стратеги зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд судалгааны их сургуулийн тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-аар батлуулах ажлын хэсэгт МУИС идэвхийлэн оролцож байна. Монгол Улсын Их хурал, Засгийн газраас улс орон, цаашлаад хүн төрөлхтний өмнө тулгарч буй глобал асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулахуйц шинэ мэдлэг бүтээх, түүнийг нийгэм, эдийн засгийн эргэлтэд оруулах, дан эрдэс түүхий эдээс хамааралтай эдийн засгийг солонгоруулах, үндэсний төдийгүй дэлхийн хэмжээнд манлайлал үзүүлэх чадвар бүхий залуу боловсон хүчнийг бэлтгэх үйлсэд хувь нэмэр оруулах хариуцлагатай үүргээ биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Япон Улсын Шинжлэх ухаан, технологийн агентлаг (Japan Science and Technology Agency), ЖАЙКА байгууллагаас хамтран санхүүжүүлэн хэрэгжүүлж буй энэ төсөл дээр дурдсан Монгол Улсын төр засгийн бодлого, МУИС-ийн стратеги зорилттой яв цав нийцэж байгаа тул бид бүх талаар дэмжин ажиллах болно гэдгээ онцолж, төсөл хэрэгжихэд шаардагдах зарим зардлыг МУИС-ийн төсөвт тусгаснаа танилцуулав.

Хатагтай Тамура Эрико хариу үг хэлэхдээ ЖАЙКА байгууллагатай бүх талаар амжилттай хамтран ажиллаж байгаад МУИС-ийн захиралд талархал илэрхийлээд тус байгууллагаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол-MJEED” төсөлд МУИС амжилттай оролцож байгаа талаар болон САТРЕПС төсөл МУИС дээр хэрэгжихээр шалгарсан явдалд баяртай байгаа талаар дурдаад энэ төслийн хүрээнд эхний ээлжинд өндөр мэдрэмжийн шингэний хроматографи, ургамал ургуулах кабинет, гүн хөлдөөгч зэрэг 6 ширхэг судалгааны  багаж, төхөөрөмжийг 2021 оны 02 дугаар сарын эхээр МУИС дээр ирэхээр захиалга нь хийгдсэн тул тэдгээрийг суурилуулах, хэвийн ажиллуулахад шаардагдах зохих дэд бүтэц бүхий лабораторийн орон зайгаар хангах тал дээр анхааран ажиллахыг хүслээ. Уулзалтын талууд төслийг амжилттай хэрэгжүүлэхэд цаашид ч нягт хамтран ажиллах тал дээр санал нэгдлээ.

Уулзалтын дараа хатагтай Тамура Эрико САТРЕПС төслийн оффисын өрөө, төслийн судалгаанд хэрэглэгдэх дээврийн хүлэмж баригдах газар, хээрийн судалгаанд хэрэглэх машины зогсоол, лабораторийн судалгааны ажилтай газар дээр нь танилцлаа. Энэ төслийн хүрээнд Саваан булган сүүл ургамлыг үрээр нь тарималжуулах туршилтын ажлыг ойт хээрийн бүсэд хийж байгаа талаар доктор Д.Алимаа, хээрийн бүсэд хийж буй туршилтын ажлын талаар докторант Б.Батболд, зарим малын тэжээлийн ургамлын фармакологийн судалгааг доктор Ц.Бямбажав, хүрээлэн буй орчны стресст тэсвэрлэх чадварын скрининг судалгааны талаар дэд профессор Б.Даваапүрэв нар тус тус танилцуулснаар айлчлал өндөрлөв.

 

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар