МУИС-ийн Стратегийн төлөвлөгөөний “Технологийн дэвшилд суурилсан сургалтын шинэ аргыг хэрэглэх, боловсролын онлайн болон нээлттэй эхүүдийн хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтад ашиглах” зорилтын хүрээнд багш нарыг сургалтын хөтөлбөрт тусгагдсан хичээлийг цахим болгон бэлтгэх, зохион байгуулах үйл ажиллагааг зохицуулах үүднээс 2020 оны 4 дүгээр сарын 20-ны А/89 тоот Захирлын тушаалаар “МУИС-ийн цахим хичээлийн журам“-ыг батлан мөрдөхөөр болсон.
Багш нар бүрэлдэхүүн сургуультай гэрээ байгуулан тухайн мэргэжлийн хөтөлбөрт тусгагдсан хичээлийг цахим хичээл болгон бэлтгэх ажил эрчимтэй эхлээд байна. Хичээлийн видео агуулгыг бичих, засварлах, бэлтгэх ажлыг Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн харьяа ‘Дижитал профессор’ студи дээр хийлгэх боломжтой бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн ‘Дижитал Профессор’ студид гэрэлт самбар буюу lightboard ашиглан байгалийн ухааны чиглэлийн болон самбар дээр бичиж орох шаардлагатай хичээлийн агуулгыг бэлтгэж байна.
МУИС-д хэрэглэгдэж байгаа шилэн самбаруудын загварыг МУИС-ийн нийгмийн инновацийн дотоод төслийн хүрээнд Физикийн тэнхимд хийсэн бөгөөд ашигтай загварын зохиогчийн эрхийг нь МУИС эзэмшдэг юм.
Зураг дээр ХШУИС-ийн Хэрэглээний Математикийн тэнхимийн профессор О. Цэрэнбатын ‘Магадлалын онол’ хичээлийн бичлэгийн явц харагдаж байна.