Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд, МУИС-ийн төгсөгч Траян Лауренцю Христеагийн “Монгол Румын толь бичиг” номын нээлт (2021 оны 8 дугаар сарын 4) боллоо.
Монгол, Румын хэлний толь бичгийг ийнхүү анх удаагаа хэвлэж буй нь хэл, орон судлалын сургалт, судалгаа эрхэлдэг эрдэмтэн судлаач, багш нар, Монгол болон Румын хэл суралцагсдын хувьд чухал бүтээл болж байна. Тус номын нээлтэд МУИС-ийн захирал Б.Очирхуяг, эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Н.Батхүү, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Христеа, Унгар улсаас Монгол улсад суугаа элчин сайд хатагтай Борбала Обрусаншки Анна, монгол хэлбичгийн эрдэмтэн судлаачид, багш нар болон холбогдох бусад хүмүүс оролцлоо.
Номын нээлтийн үеэр МУИС-ийн захирал Б.Очирхуяг “МУИС-ийн төгсөгч Траян Христеа Монгол-Румын хэлний толь бичгийг шинээр зохион хэвлүүлж буй явдалд их сургуулийн нэрийн өмнөөс баяр хүргэж, төгсөгчдөөрөө бахархаж байна“ хэмээв. Мөн тус ном нь Монгол-Румыны хэл, соёлын солилцоо, хамтын ажиллагаа төдийгүй Монгол дахь Европ судлал, тэр дундаа Румын судлал, Европ-Румын дахь Монгол судлалыг хөгжүүлэхэд дэмжлэг болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.Ноён Траян Христеад Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдын хувиар МУИС-тай идэвхтэй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд, цаашдын ажил үйлсэд амжилт хүсэв.
Номын зохиогч Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд, МУИС-ийн төгсөгч Траян Христеа тус толь бичиг нь арав гаруй жилийн хугацаанд бичигдсэн хамтын бүтээл гэдгийг онцлоод номыг шүүн тунгаасан Монгол улсын гавьяат багш, доктор, профессор Ж.Баянсан болон нэг ангийн оюутнууддаа талархал илэрхийлэв. Зохиогч тус номоо Монгол Румыны олон талт харилцаанд ажиллах, суралцах, эрдэм шинжилгээний ажил хийх хүмүүст зориулан бүтээснээ онцлов. Номын зохиогчийн ангийн багш доктор, профессор Ж.Баянсан “хэлний толь бичиг гэдэг нь зөвхөн хэл, яриа төдийгүй тухайн хэлтнүүдийн соёл, сэтгэлгээг хамруулан судалж бүтээдэг чухал бүтээл” хэмээн онцлов.
Мөн ноён Траян Христеа болон түүнтэй МУИС-ийн Монгол судлалын ангид хамт суралцсан нөхдүүд нь МУИС-д суралцаж, төгссөнөөрөө үргэлж бахархаж, эрдэмтэн багш нартаа талархаж явдаг бөгөөд төгсөгчийн хувьд их сургуулийн нэр хүндийг үргэлж өндөрт өргөж явахыг хичээдгээ онцлов.
Нэмэлт мэдээлэл: МУИС Европын нийт 14 улсын 63 байгууллагатай боловсрол, эрдэм шинжилгээ, соёлын солилцооны салбарт хамтран ажиллаж ирсэн туршлагатай бөгөөд МУИС-ийн гадаад хамтын ажиллагаатай нийт байгууллагуудын 30 орчим хувь нь Европт байрлаж байна. Мөн 2015 оноос хойш МУИС Европын Холбооны санхүүжилттэй дээд боловсролын чадавхийг бэхжүүлэх 16 төсөлд бусад их, дээд сургуулиудтай консорциум болон нэгдэж хамтран ажиллаж байна. Ийнхүү МУИС-ийн багш, эрдэмтэн судлаачид Европын холбооны санхүүжилттэй төслүүдэд оролцох, Европын холбоон дахь их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлж, МУИС-ийн сургалт, судалгааны хөгжилд өндөр хувь нэмэр оруулж ирсэн Европын Холбооноос МонголУлсад суугаа Төлөөлөгчийн газар нь 2021 оны МУИС-ийн шилдэг түнш болсон.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС