Өнөөдөр /2021.10.07/ Монгол Улсын Их Сургууль болон Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар хооронд Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоо, эрх зүйн орчныг сайжруулах, Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, шинэ технологи, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, олон улсын болон үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд МУИС-ийн талаас Захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Очирхуяг, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Н.Батхүү, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр, тус хэлтсийн мэргэжилтэн Б.Ганбат нар оролцсон бол, ҮХГ-ын талаас Дарга Х.Батжаргал, дэд дарга Б.Дөлгөөн, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Сюзанна, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Орхон, Бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр, Судалгаа шинжилгээний хэлтсийн дарга Б.Түмэнгэрэл нар оролцов.
Талууд уг санамж бичгийн хүрээнд дээрх үндсэн зорилгоос гадна дараах чиглэлүүдэд хамтран ажиллахаар тохиролцлоо. Үүнд:
- Үндэсний, салбарын, салбар хоорондын болон бүс орон нутгийн дунд, богино хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн арга зүйг боловсруулах;
- Математик болон эдийн засгийн загварт суурилсан орон зайн эдийн засгийн хөгжлийг тодорхойлох судалгаа, боловсруулалтын ажил гүйцэтгэх;
- Үндэсний хөгжлийн газрын мэргэжилтнүүдийн бодит хэрэгцээ, шаардлагад нийцсэн чадавхыг дээшлүүлэх, давтан сургахад чиглэсэн сургалт, судалгааны хөтөлбөрийг зөвшилцөн боловсруулж, хамруулах;
- Төв болон орон нутгийн харьяа хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан нэгж, байгууллагуудад сургалт, хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал, туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг болно.
Хамтын ажиллагааны хэлтэс