ЭМГЭНЭЛ
Цэрэнгийн Ганболд (1959-2022)
Монгол Улсын гавьяат багш, МУИС-ийн профессор Ц.Ганболд 2022 оны 01-р сарын 25-ны өдөр таалал төгсөж, хамт олон, анд нөхөд, олон мянган шавь нарт нь нөхөж баршгүй хүнд их уй гашуу тохиолдлоо.
Профессор Ц.Ганболд нь 1981-1988 онд ХоБДС-ийн нийгмийн ухааны тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч, 1991 онд доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. 1991 онд МУИС-д улс төр судлалын тэнхимийг үүсгэн байгуулалцаж, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн эрхлэгчээр тасралтгүй 20 жил ажилласан. 2013-2016 онд МУИС-ийн захиргааны зөвлөлийн гишүүн, Нийгмийн ухааны сургуулийн захирал,1994 онд дэд профессор, 2004 онд МУИС-ийн профессор, 2013 онд Монгол Улсын гавъяат багш, 2017 онд МУИС-ийн дээд шагнал “Эрдмийн элч” цол хүртсэн. Энэ хугацаанд 50 гаруй бакалаврын, 37 магистрын, 12 докторын ажил удирдаж хамгаалуулсан. Нэг сэдэвт болон хамтын бүтээл 26, редактор хийсэн, орчуулсан 45, эрдэм шинжилгээний өгүүлэл 70, илтгэл 53, мөн 37 аргачлал, зөвлөмж, хөтөлбөр, шүүмж боловсруулсан.1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийг боловсруулахад оролцсон.
1992 оноос МУИС-ийн НШУС-ийн Эрдмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1995 оноос одоог хүртэл МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, 1997 оноос философи, социологи, улс төр судлалаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, 2003 оноос хамгаалуулах зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 2009-2014 онд хамгаалуулах зөвлөлийн дарга, 2014 оноос социологи, нийгмийн ажил, улс төр судлалаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн орлогч дарга, 2016 оноос зөвлөлийн гишүүн. 2021 оноос Улс төр судлал, олон улсын харилцааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр ажилласан.
1998 оноос Альтернатив төвийн тэргүүн, 2000 оноос Алтан тээл сангийн тэргүүн, 2010 оноос Монголын Улс төр судлаачдын Нэгдсэн Холбооны Ерөнхийлөгч, 2015 оноос БСШУСЯ-ны Шинжлэх ухаан технологийн салбар зөвлөлийн гишүүн, 2009-2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх нийгмийн бодлогын зөвлөлийн гишүүн.
2003 оноос Олон улсын Улс төрийн Шинжлэх Ухааны Холбоо (IPSA)-ны гишүүн, 2006 онд Монгол Улсаас анх удаа Японы Фукуока хотод Олон Улсын улс төрийн шинжлэх ухааны холбооны Дэлхийн ХХ дугаар Их хуралд, 2012 онд Испаний Мадрид хотод XXII Их хуралд, 2014 онд Канадын Монтреаль хотод XXIII Их хуралд, 2018 онд Австралийн Брисбени хотод XXV Их хуралд илтгэл хэлэлцүүлсэн.
Contemporary Political Society, МУИС-ийн Политологи, МУБИС-ийн Улс төр судлал, социологийн асуудал, Конрад-Аденауэрийн Сангийн Төрийн байгуулал судлал сэтгүүлийн редакцийн зөвлөлд, Шинжлэх ухаан технологийн сан, АЗИЙН САН, IRI, CEP, AFP, ARC, IPSA, CIVICUS, КАС, SOROS-ийн сангийн төслийн удирдагчаар ажиллаж байсан.
Таны өр зөөлөн сэтгэл, нугаршгүй ноён нуруу, хариуцлагатай, зарчимч байр суурь, хань ижил, үр хүүхдүүд, ах дүү, анд найзуудаа гэсэн хайрыг үеэс үед дурсаж, хамт олон, шавь нараа гэсэн халуун дотно хандлага, эрдэм номын авшиг, адис, жанлав, ариусалын хүчит очир, хонх нь мөнх дуурсах болтугай.
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухааны Сургууль
Нийгмийн ухааны салбар
Улс төр судлалын тэнхим