Монгол Улсын Ардын багш, Төрийн шагналт, хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор Шаравын Чоймаа агсныг МУИС-аас сүүлчийн замд нь үдлээ

Share Button

Өнөөдөр /2022.11.21/ Монгол Улсын Ардын багш, Төрийн шагналт, хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор, МУИС-ийн профессор Шаравын Чоймаа агсныг МУИС-аас сүүлчийн замд нь үдлээ.

Профессор Ш.Чоймаа 1951 онд Говь-Алтай аймгийн Шарга сумын нутаг Шар харгана хэмээх газар мэндэлж, эрдэм номтой аав, элбэрэл төгөлдөр ээжийнхээ гар дээр бага насаа өнгөрүүлжээ. Улмаар 1971 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын нэгдүгээр 10 жилийн дунд сургууль, 1976 онд МУИС-ийн монгол хэл, уран зохиолын багшийн ангийг дүүргэжээ. 

Тэр бээр 1976 оноос хойш төрөлх их сургуульдаа багш, Монгол хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, Эх бичиг-Алтай судлалын тэнхимийн эрхлэгчээр ажиллажээ. Мөн Хумбольдтын Их Сургууль, Бээжингийн Их Сургууль, Бээжингийн Төвийн Үндэсний Их Сургууль, Ланжоу-гийн Баруун Хойд Үндэстний Их Сургууль, Өвөрмонголын Их Сургуульд зочин профессороор уригдан багшилсан. 2003 онд “Монголын нууц товчоо, Лувсанданзаны Алтан товчийн эхийн харьцуулсан судалгаа” сэдэвт бүтээлээр хэл шинжлэлийн ухааны доктор, 2004 онд “Монгол түүхэн сурвалжийн эх бичгийн судалгаа” сэдэвт бүтээлээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, 1996 онд МУИС-ийн дэд профессор, 2011 онд профессор цол хүртжээ 

Профессор Ш.Чоймаа Монгол Улсын Их Сургуульд монгол бичиг, түүхэн хэл зүй, орчин цагийн монгол хэл, төвөд хэл, сурвалж судлал, Монголын нууц товчооны судлал зэрэг хичээлийн хөтөлбөрийг боловсруулж бакалавр, магистр, докторын түвшинд зааж байвТэр бээр олон орны оюутан, аспирант, мэргэжил дээшлүүлэгч нарт хичээл зааж, гадаадын монгол судлаачдыг бэлтгэхэд хичээн зүтгэсэн төдийгүй монгол судлалын сургалт, судалгааны салбарт эх бичиг судлалын дэг сургуулийг бүтээлчээр хөгжүүлж, олон арван шилдэг судлаачийг эрдмийн мөрд хөтөлсөн эрхэм багш байлаа.  

Шаравын Чоймаа нь “Уламжлалт ёс суртахуун, монгол хэл, бичиг, монгол сэтгэлгээ, шашин соёл, дотоод сэтгэлийн ариусал, үндэсний эрх ашгаа бодох ухаарал нь монголчуудыг аварна” хэмээх үзлийг чин бат баримталж, насан турхруу эх хэл, үндэсний бичиг, өв соёлоо заан сургах, судлан шинжлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хичээн зүтгэсэн нэрт сурган хүмүүжүүлэгч, дэлхийн монгол судлалын гарамгай эрдэмтэн, монгол түмний их соён гэгээрүүлэгч байсан юм.

Талийгаачийн хүнлэг энэрэнгүй, элбэрэлт асрангуй, шаргуу бүтээлч, тууштай зарчимч зан чанар, оюун билгийн гэгээн үйлс, дөлгөөн хичээнгүй дүр төрх нь бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнхөрч үлдэх болно.  

Монгол Улсын Их Сургууль

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар