МЭДЭГДЭЛ

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн 1 дүгээр байрыг нурааж, оронд нь олон давхар байшин барьж, сургалтын бус зориулалтаар ашиглах гэж байгаа тухай илт ташаа мэдээллийг сүүлийн үед цахим орчинд зохион байгуулалттай тарааж байна. Соёлын өвд бүртгэлтэй, нийслэл хотын өнгө үзэмжид чухал үүрэг гүйцэтгэдэг хичээлийн 1 дүгээр байраа Монгол Улсын Их Сургууль шинэчлэх тухай ямар ч шийд гаргаагүй, гаргах ч боломжгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Харин Монгол Улсын Их Сургуулийн хичээлийн 3 дугаар байранд сургалт, судалгааны ажил явуулахад багш, оюутнуудын эрүүл мэнд, аюулгүй байдлын шаардлага хангахгүй байгаа талаар сүүлийн жилүүдэд удаа дараа санал, гомдол гарах болсон. Бид тухай бүрд Мэргэжлийн хяналтын газарт албан ёсоор хандсан ба Мэргэжлийн хяналтын газар нарийн судалгаа хийж “сургалт явуулах боломжгүй” гэсэн дүгнэлтийг гаргасан. Хичээлийн 3 дугаар байр нь соёлын өвд бүртгэлгүй болохыг нотолсон лавлагааг мэргэжлийн байгууллагаас авч, багш, оюутнуудтайгаа зөвшилцөж, Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд барилгыг шинэчлэх ажлыг хоёр жилийн өмнөөс хөөцөлдөж одоо энэ ажил эхэлж буйг хариуцлагатайгаар мэдэгдье.

   МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар