Б.Хуягбаатар Ерөнхийлөгчийн нэрэмжит шилдэг залуу эрдэмтний шагнал хүртлээ

Share Button

Мэдээллийн Технологи, Электроникийн Сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн дэд профессор Б.Хуягбаатар шилдэг залуу эрдэмтдэд олгодог Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2023 оны шагналыг хүртлээ.

Б.Хуягбаатар нь хиймэл оюун, хэл боловсруулалтын чиглэлээр судалгаа хийж, олон улсын 80 гаруй судлаач, эрдэмтэдтэй хамтран шинээр 69 хэлний морфологийн үгийн хувиллаар нэмж баяжуулсан сан “UniMorph 4.0” зэрэг цахим хэлний нөөцийг бүтээж нийтийн хүртээл болгосон. Тэрбээр олон улсын цахим хэл шинжлэлд үнэтэй хувь нэмэр оруулан, компьютерийн ухаан, хиймэл оюуны салбарт тэргүүлдэг 23.8 импакт фактор бүхий “Nature Machine Intelligence” сэтгүүлд хамтарсан бүтээлээ хэвлүүлжээ. Сүүлийн таван жилд 31 бүтээл нь 374 удаа эшлэгдэж, судлаачдын бүтээлийн чансааг илэрхийлэх тоон үзүүлэлт h-index 11-д богино хугацаанд хүрсэн өндөр амжилт үзүүлсэн тул түүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2023 оны шагналыг олгожээ.

Б.Хуягбаатар нь 2018 онд Италийн Трэнтогийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан ба 2019 оноос эхлэн МУИС-д урилгаар ажиллаж байна. Докторт суралцах явцдаа компьютерийн ухаан – хиймэл оюуны салбарын топ 10 эрдэм шинжилгээний хурлын нэг International Joint Conference on Artificial Intelligence (IJCAI) ‘17-д хэлний ялгамжийг тодорхойлох, түүнийг ашиглах талаар шинэ санаа дэвшүүлсэн “Understanding and Exploiting Language Diversity” сэдэвт илтгэл хэлэлцүүлж, өгүүлэл хэвлүүлсэн нь гарааны том амжилт байсан юм. Түүнээс хойш олон хэлний цахим нөөц бүтээх, хөгжүүлэх шинэ арга, аргачлал санаачилсан олон арван эрдэм шинжилгээний бүтээл нийтлүүлж үр дүнгээ нээлттэй эхийн лицензээр түгээгээд байна. Онцолбол, дараах өндөр чанартай хэлний нөөцийг дурдаж болно.

  • CogNet, 338 хэлний 35 бичгээр бичигддэг 3.1 сая гарал нэг үгтэй хэлний нөөцийг;
  • MorphyNet, 15 хэлний дагарваар хувилах 519 мянга, нөхцлөөр хувилах 10 сая үгийн морфологийн санг;
  • UniMorph 4.0, морфологийн хувилал, нийтлэг схемийн өгөгдлийг агуулсан хэлний нөөцөд 69 шинэ хэл, үүнээс 30 хэл нь устаж үгүй болох өндөр эрсдэлтэй хэлээр баяжуулж бүтээсэн.

Эдгээр нөөц нь хиймэл оюун, хэл боловсруулалтын чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаачдад олгож буй маш үнэтэй хөрөнгө оруулалт болсон гэж үзэж байна. Учир нь өнөөдөр хиймэл оюун, машинаар шийдэж чадахгүй байгаа, мухардаж буй асуудлыг судлах шинэ боломжийг олгож байна. Тухайлбал, “UniMorph” цахим нөөцийг ашиглан шийдвэрлэх даалгавар боловсруулж олон улсын судлаачдын дунд эрдэм шинжилгээний уралдааныг (shared task) олон улсын судлаачдыг удирдан зохион байгуулсан. Уралдааны үр дүнг илтгэх вөркшопыг компьютерийн ухаан – тооцооллын хэл шинжлэлийн топ гурван хурлын нэг Conference of the North American Chapter of the Association for Computational Linguistics: Human Language Technologies (HLT-NAACL) ‘22 хурлын нэг хэсэг болгон зохион байгуулсан. Эрдэм шинжилгээний даалгавар боловсруулах нь тухайн судлах сэдвийг бүхэлд сайн мэддэг, асуудлыг урьдчилан олж харсан туршлагатай судлаачийн хийх ажил байдаг билээ. Мөн “ICDCS 2020”, “Genbench 2023”, “SIGMORPHON 2023”, “SIGTYP 2021” зэрэг олон улсын хурлыг зохион байгуулахад оролцжээ.

Машин орчуулга хөгжиж бодит амьдрал дээр хүний ажилд туслаж чадаж байгаа хэдий ч шийдээгүй асуудал байгааг, ялангуяа хэлний ялгамжийг ойлгож хэрэглэхгүй бол болохгүй байгааг судалгаагаараа харуулсан. Өөрийн үүсгэсэн хэлний нөөц болон шинэ загварын өгөгдөл боловсруулж олон хэлний хоорондох дүйцэлгүй үг, универсаль метоним, онлайн толь бичиг дэх хэлний ялгамж болон өрөөсгөл (bias) зэргийн талаар шинэ санаа дэвшүүлэн ажиллаж байна. Эдгээрээс зарим ажлын үр дүн, машин орчуулгын асуудалд авч үзэхгүй бол гарах үр дагаварын талаар “The Guardian” сэтгүүлд дурдагдсан байна.

Сүүлийн жилүүдэд судалгааны ажлынх нь цар хүрээ улам өргөжин generalisation, explainable AI чиглэлээр ажиллаж компьютерийн ухаан – хиймэл оюуны салбарыг тэргүүлдэг “Nature Machine Intelligence” сэтгүүлд хэвлүүлсэн судалгааны ажлаа Мета (Фэйсбүүк), Амазон компани, Амстердам, Эдинбург, Кэмбридж, Харвард, ETH Цюрих их сургууль, Макс Планк, Массачусеттсын судалгааны институтийн судлаачидтай хамтран хэрэгжүүлсэн. Ердөө сар гаруйн өмнө нийтлэгдсэн энэ ажилд 13 мянган удаа хандсан ба тус үзүүлэлтээрээ сэтгүүл дотроо 14-т бичигдсэн амжилттай байна.

Түүнээс гадна “ACM Computing Surveys” (IF:16.6), “Cheminformatics” (IF:8.4) сэтгүүл, “ACL”, “IJCAI”, “CogSci”, “LREC”, “AACL” олон улсын топ хурлын эмхэтгэлд бүтээлээ хэвлүүлсэн байна.

Б.Хуягбаатар нь олон улсын нэр хүндтэй их сургууль, судалгааны хүрээлэнгийн судлаачидтай хамтран ажиллаж онцгой амжилт үзүүлж байгаа нь түүний ажлын цар хүрээ, хэвлүүлсэн бүтээл, хөгжүүлсэн хэлний нөөц, шинжлэх ухаанд оруулж буй хувь нэмрээс тодорхой харагдаж байна. Цаашдын эрдмийн ажилд нь улам өндөр амжилт хүсье.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар