Эмгэнэл | Жанчивсэмбийн Алтангэрэл (1944-2024)

Share Button

Ахмад дипломатч, Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Европ судлалын тэнхимийн польш хэлний багш Жанчивсэмбийн Алтангэрэл 2024 оны гуравдугаар сарын 04-нд таалал төгсөж монголын боловсрол, шинжлэх ухаан, гадаад харилцааны салбарт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Ж.Алтангэрэл 1944 онд Улаанбаатар хотод мэндэлжээ. Улмаар 1961 онд Нийслэлийн 1 дүгээр сургууль, 1967 онд Польшийн Варшавын Их сургуулийг дүүргэжээ.

1983 онд Москвагийн ОУХДС-д мэргэжил дээшлүүлсэн. 1967 онд Варшавын Их сургуульд “Польш, монгол хэлний өвөрмөц хэллэгийн онцлог, адил төстэй талууд” сэдвээр магистрын зэрэг хамгаалжээ.

БНПУ-ын Үндсэн хууль, Өмнөговьд ажилласан Польшийн палентеологийн экспедицийн тухай ”Денозаврын эрэлд” зэрэг номуудыг орчуулжээ.

1967 оноос БНМАУ-с БНПАУ-д суугаа ЭСЯ-нд орчуулагч, 1,2,3-р нарийн бичгийн дарга, ГХЯ-нд атташе, ГХЯ-нд 1,2,3-р нарийн бичгийн дарга, ахлах мэргэжилтэн, зөвлөхөөр ажилласан.

2004-2024 онд МУИС-ийн Европ судлалын тэнхимд польш хэлний багшаар тасралтгүй 20 жил ажиллажээ. Эдүгээ түүний шавь нар хоёр орны харилцааны бүхий л салбарт ажиллаж байна. Монгол, польшийн харилцааг хөгжүүлж, Польш дахь Монгол Улсын ЭСЯ, Монгол улсын ГХЯ-нд олон жил үр бүтээлтэй ажиллаж, монгол оюутнуудыг Польшид сургах, хоёр орны өндөр түвшний айлчлалын орчуулагч, хоёр орны засгийн газар хооронд болон их сургуулиудын хооронд гэрээ байгуулах зэрэг Монгол Улсад хэрэгтэй олон ажлыг хийж гүйцэтгэжээ.

Төр засгаас түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж, Монгол улс “Алтан гадас” одон, “Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон”, “Хүндэт дипломатч” тэмдэг, “Монголын энх тайван, найрамдлын одон”, БНПУ-аас “БНПАУ-ын гавьяаны мөнгөн одон”, “Кавалерын загалмай” одонгоор тус тус шагнажээ.

Талийгаачийн хүнлэг, энэрэнгүй, элбэрэлт асрангуй сайхан сэтгэл, хөдөлмөрч хичээнгүй зан чанар, дөлгөөн сайхан дүр төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдлээ.

 

МУИС-ИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ СУРГУУЛИЙН

ЕВРОП СУДЛАЛЫН ТЭНХИМ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар