Эмгэнэл | Галбадрахын Самдан (1941-2024)

Share Button

Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Химийн тэнхимийн багш, шинжлэх ухааны доктор, профессор Галбадрах овогтой Самдангийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөдөд гүн эмгэнэл илэрхийлье

Химийн тэнхимийн ахмад багш, Шинжлэх Ухааны доктор, Профессор Галбадрах овогтой Самдан 2024 оны гуравдугаар сарын 09 өдөр өвчний улмаас таалал төгслөө.

Г.Самдан нь 1941 оны долдугаар сарын 12-нд Увс аймгийн Цагаанхайрхан суманд төржээ. Г.Самдан 1960 онд Увс аймгийн Баруунтурууны 10 жилийн дунд сургуулийг амжилттай дүүргэсэн бөгөөд 1964 онд МУИС-ийн Химийн салбарыг Химич, химийн багш мэргэжлээр төгссөн. Оросын холбооны улсын Эрхүүгийн политехникийн дээд сургууль, Москвагийн Д.И.Менделевийн нэрэмжит Политехникийн их сургууль, Украйн улсын Киевийн Политехникийн их сургуульд мэргэжил дээшлүүлж байсан. 1981 онд “Кальцийн алюмоферритүүдийн гидратжих ба хатуурах профессын механизм” сэдвээр химийн ухааны доктор зэрэг, 1997 онд “Монгол орны шаварлаг түүхий эдээс сульфоцемент гаргаж авах физик химийн ба технологийн үндэс” сэдвээр Шинжлэх Ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.

Профессор Г.Самдан “Тусгай, зориулалтын цемент” сэдвээр нэг сэдэвт зохиол 3, ном товхимол 7, эрдэм шинжилгээний болон сурталчилгааны өгүүлэл 54-ийг хэвлүүлж, “Төмөр-бетон дээр үйлдвэрлэх цемент”, “Сульфатжуулсан холимог цемент гарган авах” 3 патент, 3 зохиогчийн эрх авч байжээ.

Эдгээрээс цементийн технологийн бүтээлүүд нь цементийн үйлдвэрт тулгарсан технологийн хүндрэлүүдийг тухайн тохиолдол бүрд шийдэж тухайн үедээ Хөтөлийн Цемент Шохойн үйлдвэрийн тасралтгүй үйл ажиллагааг хангаж байжээ. Онцгойлон дурьдах ёстой судалгааны үр дүн бол патентлагдсан “Төмөр-бетон дэр үйлдвэрлэх цемент”-ээр одоогийн байдлаар 700 орчим км урт төмөр зам болон бусад туслах салаа төмөр замтай нийлээд ойролцоогоор 800 орчим км урт төмөр замд 1.5 сая гаруй ширхэг бетон дэр үйлдвэрлэгдэн тавигдсан байна. Энэ нь Алтанбулаг боомтоос Замын-Үүд боомт хүртэл 1100 км төмөр замын 73% орчмыг эзэлж байна. Өнөөдөр Монголчууд бид энэхүү сайжруулсан төмөр зам дээгүүр өдөр бүхэн аюулгүй зорчиж байгаа төдийгүй Ази-Европийн тээвэр ложистикт чухал үүрэг гүйцэтгэж байна.

Тэрээр химийн сургалт, судалгаа шинжилгээний салбарт 52 жил үр бүтээлтэй ажиллаж, химийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдыг бэлтгэх, Монгол орны шаварлаг түүхий эдээс сульфоцемент гаргаж авах физик-химийн ба технологийн горимыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Профессор Г.Самдангийн эрдэм судлалын ажлыг үнэлж 1968 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 1987 онд “Алтан гадас одон”-оор мөн ардын боловсролын тэргүүний ажилтан, эрдэм шинжилгээний тэргүүний ажилтан шагналаар тус тус шагнаж, МУИС-ийн профессор цолыг 2004 онд олгожээ.

Профессор Г.Самдан их дээд сургууль болон бүх шатны сургуулийн химийн багш, оюутан, сурагчдад зориулан «Коллиод химийн бодлого дасгалын хураамж» ном нь 2000 оноос (2 удаа хэвлэгдсэн), «Химийн бодлого бодох тооцоо хийх аргачлал», «Химийн бодлого дасгал» ном, сурах бичгүүдийг туурвисан бөгөөд эдгээр ном, сурах бичиг нь үе үеийн химичдийн ширээний ном, сурах бичиг болсон билээ.

Профессор Г.Самдан нь төлөв даруу, нөхөрсөг харилцаатай, ажилд нягт нямбай ханддаг, аливаа ажлын шинжлэх ухааны үндэслэлийг чадамгай гаргаж чаддаг, өргөн мэдлэг боловсролтой, бүх шатны сургалт, цемент бетоны хими, хими технологи, тусгай зориулалтын цементийн химийн салбарт тэргүүлэх үүрэгтэй ажилласан, шавь сургуультай манай шилдэг эрдэмтэн, ахмад багш нарын нэг байсан юм.

МУИС-ийн Профессор Г.Самдангийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөдөд нь МУИС-ийн хамт олон, ахмад багш, багш, ажилтан, найз нөхөд, шавь нарын зүгээс гүн эмгэнэл илэрхийлж байна.

МУИС-ийн хамт олон, ахмад багш, багш, ажилтан,

найз нөхөд, шавь нар

2024 оны 03 дугаар сарын 11

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар