Өнөөдөр Олон улсын нийгмийн ажлын өдөр тохиож байна. Эл өдрийг Олон улсын Нийгмийн ажилтны нийгэмлэг (International federation of Social workers)-ээс гишүүн орнуудын дунд жил бүр шинэ уриа, зорилтыг дэвшүүлэн зохион байгуулдаг. Энэ жил “Далайцтай өөрчлөлтийн төлөө хамтдаа урагшилъя” уриан дор тэмдэглэлээ.
Олон улсын нийгмийн ажлын өдрийг тохиолдуулан МУИС-ийн ШУС, НУС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимээс нийгмийн ажлын хоёрдугаар симпозиумыг зохион байгууллаа. Симпозиумд нийгмийн ажлын мэргэжилтэн бэлтгэдэг их сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагуудын 100 орчим зочид, төлөөлөл оролцлоо.
Энэ жилийн онцлог нь бүхий л түвшинд ажиллаж буй нийгмийн ажилтны ажил, мэргэжлийн үнэ цэнийг таниулах, тэдний амжилтаас суралцаж цаашид анхаарах алхмуудыг хэлэлцэх цаашлаад оролцогчдын саналаар зөвлөмж боловсруулж нийгмийн ажлын үр шим, мэргэжлийн хөгжил хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах юм.
Симпозиумын талаар МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн дэд профессор, доктор А.Батхишигээс тодрууллаа. Тэрбээр, “Энэ удаагийн арга хэмжээ нь төгсөгчид болон их сургууль хоорондын эргэх холбоог бий болгож буйгаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, нийгмийн ажлын чиглэлээр төгссөн төгсөгчид болон багш нар хоорондоо хийж бүтээснээ цаашлаад дараагийн шатанд гарах өөрчлөлтийн талаар хэлэлцлээ. Симпозиумын хүрээнд нийгмийн ажлын чиглэлээр төгссөн таван өөр их дээд сургуулийн 15 төгсөгчийн танилцуулга бичлэг хийсэн. Өнөөдрийн арга хэмжээгээр танилцуулга бичлэгүүдийг үзэж, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Ингэснээр нийгмийн ажилтны ажлын байранд тулгарч буй сорилт бэрхшээл болон цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай асуудлын талаар хэлэлцлээ” хэмээв.
МУИС нь 2000 оноос эхлэн нийгмийн ажлын мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд тус чиглэлээр 450 гаруй оюутан төгсжээ. Монгол Улсад эрэлттэй, хөгжлийн тэргүүлэх чиглэлийн жагсаалтад нийгмийн ажил мэргэжил багтсан байна.