Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Нацагийн Хавхын мэндэлсний 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал 2024 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 13:00-17:00 цагт МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд болно. Иймд эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, философи, шашин судлалын салбарын үе үеийн төгсөгчид, суралцагч нар, хамтран ажиллаж байсан эрдэм номын садан, найз нөхөд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Санжмятав тойн овогт Нацагийн Хавх 1944 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын нутаг Бурагтайн нуруу гэдэг газар С.Галсандоржийн дөрөв дэх хүү болон мэндэлжээ. Тэрээр Улаанбаатар хотын 10 дугаар сургуулийг онц дүнтэй суралцаж дүүргээд, 1964-1965 онд МУИС-ийн Байгалийн ухааны факультетийн геологийн салбарт элсэн нэг жил суралцаад, 1965-1971 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийн Философийн факультетэд шилжин суралцаж, философич, нийгэм судлалын багш мэргэжлээр төгссөн.
Н.Хавх 1971-1974 онд МУИС-ийн Нийгмийн Ухааны Факультетын дэргэдэх “Оюутны сургалт, хүмүүжлийн асуудал” судлах социологийн лабораторид эрдэм шинжилгээний ажилтан, 1974-1976 онд тус лабораторийн эрхлэгч, 1976-1981 онд НУФ-ын Марксист- Ленинист Философийн тэнхимд багш, 1981-1985 онд МУИС-ийн НУФ-ын декан, 1985-1987 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, 1987-1991 онд БНМАУ-аас ЗХУ-д суугаа ЭСЯ-нд II нарийн бичгийн дарга, 1991-1993 онд МУИС-ийн НУФ-ын Философийн тэнхмийн багш, 1993-1998 онд МУИС-ийн НУФ-ын Философийн тэнхмийн эрхлэгч, 1998-2010 онд МУИС-ийн Буддын болон монголын соёлын сургалт судалгааны төвийн эрхлэгч, МУИС-ийн Философийн тэнхмийн тэргүүлэх профессор багш зэрэг шинжлэх ухаан, боловсрол, төр, нийгэм, дипломат албанд олон арван жил идэвх санаачлагатай, үр бүтээлтэй ажиллажээ. Н.Хавх багш Монгол улсад социологийн шинжлэх ухааны үндэс суурийг тавилцаж, мөн МУИС-д 1994 онд Буддын шашин судлалын салбар, 1997 онд Философийн оройн салбар, 1997 онд Буддын соёл судлалын төв тус тус нээхэд тэргүүлэх үүрэгтэй оролцсон эрдэмтэн юм.
Профессор Н.Хавх багш Монгол Улсад философийн мэдлэг ухааныг түгээн дэлгэрүүлэх, сургах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан билээ. Тэрээр МУИС-ийн философийн мэргэжлийн бус ангийн оюутнуудад “Философи” хичээл, философийн мэргэжлийн ангийн оюутнуудад “Социологийн тодорхой судалгааны арга зүй”, “Нийгмийн философи”, “Боловсролын философи” хичээл, магистрантуудад “Нийгмийн шинжлэх ухааны орчин үеийн асуудал”, докторантурын сургалтад “Монголын нийгмийн хөгжлийн онол, практикийн асуудал” хичээл зааж, 16 бакалаврын судалгааны ажил, 13 магистрантын судалгааны ажил, найман докторантын судалгааны ажлыг удирдаж хамгаалуулсан нь түүний нөр их хөдөлмөр, зүтгэлийн үр шим билээ.
Манай улсын ууган их сургууль болох МУИС-ийн профессор Н.Хавх МУИС-ийн аспирантур, докторантурын сургалтыг дүүргэсэн бөгөөд 1984 онд “Оюутны хамт олны нийтлэг ба тухайлсан харилцааны асуудалд” сэдвээр философийн ухааны дэд эрдэмтний зэрэг, 1993 онд “Нийгмийн хөгжлийн улиран дэвших зүй тогтол” сэдвээр философийн шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан. Түүний олон арван жилийн хөдөлмөр, бүтээлийг хамт олон, төр өндрөөр үнэлж, Монгол Улсын Эрдмийн зэрэг, цол олгох дээд зөвлөлийн тогтоолоор 1993 онд дэд профессор, 1996 онд профессор, Ардын хувьсгалын ойн медалиуд, “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одон, “Шинжлэх ухааны тэргүүний ажилтан”, “Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2007 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн” цол тус тус хүртээжээ.
Нэрт сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн Н.Хавх өөрийн ухамсарт амьдралаа эрдэм номын үйл хэрэгт зориулсан хүмүүн бөгөөд өөрийн бүтээлээс “Буддын гүн ухааны агуулгын харьцуулсан тайлбар”/39 х.х/, “Соёл иргэншлийн онол”/44 х.х/, “Монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн гүн ухаан”/44 х.х/, “Социологи, Монголын нийгмийн гүн ухааны зарим чиглэл”/42 х.х/, “Буддын сурган сэтгэл судлал, хүмүүжлийн гүн ухаан”/40 х.х/ нэрээр таван боть болгон эмхэтгэж хэвлүүлсэн байдаг. Түүний энэхүү таван боть бүтээл нь философид шинэ сэтгэлгээ арга зүй бий болгох, нийгмийн хөгжлийн онолыг шинэчлэх, монголын нийгмийн хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулах асуудалд чиглэгдэж байсан бөгөөд манай улсын нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны хөгжилд манай багшийн оруулсан бодит хувь нэмрийг нь гэрчилж байгаа болно. Н.Хавх багшийн эдгээр бүтээл эдүгээ манай улсад төдийгүй гадаад улс орны нийгмийн философи, социологи, уламжлалт ухаан судлал, буддын судлалын сургалт, судалгааны чухал хэрэглэгдэхүүн болсоор байна.
Сургалт, судалгааны нөр их ажлын зэрэгцээ Н.Хавх багш МУИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Философи, урлаг судлал, социологиор шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн орлогч дарга, Философийн ухаанаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүн, “Философи, шашин судлал” сэтгүүл болон “Үндэсний Монгол судлал” сэтгүүлийн редакцийн гишүүн, Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн бага чуулганы гишүүн, Монгол улсын ерөнхийлөгчийн дэргэдэх Эрдэмтэдийн зөвлөлийн гишүүн, Монголын Ахмадын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монголын уламжлалт ёс заншил хөдөлгөөний тэргүүн зэрэг сонгуульт ажлыг нэр төртэй гүйцэтгэж байжээ. Профессор Н.Хавх багшийн хөдөлмөрч хичээнгүй, төлөв даруу, ухаалаг зан чанар, шинжлэх ухааны өргөн мэдлэг, сэтгэлгээний өндөр чадвар, сурган хүмүүжүүлэх авъяас билэг, хувийн үлгэр дууриал нь манай хамт олон, номын садан анд нөхөд, мянга мянган шавь нарынх нь сэтгэл зүрхэнд үүрд дурсагдан үлдсэн билээ.
Эрхэм хүндэт эрдэмтэн, философич, социологич, буддын судлаач Н.Хавх багшийн номын цагаан мөр нь үеэс үед уламжлагдан цаг үргэлжид түгэн дэлгэрэх болтугай.
МУИС-ийн ШУС-ийн
Хүмүүнлэгийн Ухааны Салбарын
Философи, шашин судлалын тэнхим