(2021-2022 оны хичээлийн жилд төгсөгчдийн мөшгөх судалгаа)
МУИС-ийн Оюутны хөгжлийн төв нь төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгааг тогтмол хийж төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдал, ажлын байрны нөхцөл байдлыг тогтмол мөшгөн судлах хэрэгцээ шаардлагын үүднээс энэхүү ээлжит судалгааг хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгаа нь нэг жилийн хоцрогдолтой хийгддэг бөгөөд өөрөөр хэлбэл төгсөөд нэг жилийн дараа ажил эрхлэлтийн байдал ямар байгааг тодруулах зорилготой.
Тус судалгаанд МУИС-ийн 2021-2022 оны төгсөгчид хамрагдсан ба уг судалгаагаар төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдал, ажил эрхэлж буй төрөл хэлбэр, ажилд ороход нөлөөлсөн хүчин зүйлс, ажил эрхлэхгүй байгаа шалтгаан болон үргэлжлүүлэн суралцаж буй төгсөгчдийн нөхцөл байдлыг тодорхойлж, их сургуулиас оюутанд үзүүлж буй үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн дүгнэлт, зөвлөмж гаргахад чиглэгдсэн болно. 2021-2022 оны хичээлийн жилд 2339 оюутан төгссөн ба үүнээс стандарт алдааг таван хувиар, итгэх түшинг 95 хувиар тооцож эх олонлогоос түүвэр олонлогийг сонгоход 331 оюутан хамрагдахаар тооцоолсон. Судалгааг МУИС-ШУС-НУС, ХУС, БУС, ХШУИС, ОУХНУС, ХЗС, БС зэрэг долоон сургуулийн 92 хөтөлбөрийн оюутнуудыг тэгш хамруулж авсан. Салбар сургуулиуд болох Ховд, Дорнод, Завханы хувьд 2021-2023 оны хичээлийн жилүүдэд бүтцийн өөрчлөлтөөр нэмэгдсэн тул энэ жилийн судалгаанд хамруулах боломжгүй байв.
Энэхүү судалгааг Оюутны хөгжлийн бодлогын газрын судалгаа, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, оюутны хөгжлийн төвийн мэргэжилтнүүд хамтран төгсөгч нэг бүртэй утсаар холбогдон ажилласнаараа онцлог ажил боллоо.
Судалгааны үр дүнгээс харахад төгсөгчдийн 76.4 хувь нь ажил эрхэлдэг бол, 23.6 хувь нь ажил эрхлээгүй гэсэн хариултыг өгсөн. Сүүлийн дөрвөн жилд төгсөгчдийн ажил эрхлэлтийг харьцуулж үзэхэд хамгийн их буюу 81.1 хувийг 2021 оны төгсөгчид эзэлж байгаа бол бусад оны төгсөгчид жигд хувьтай байгааг судалгаанаас харж болно.
Судалгаанд хамрагдсан эх олонлогоос хамгийн их буюу 25 хувийг Шинжлэх ухааны сургууль-Хүмүүнлэгийн ухааны салбар эзэлж байгаа бол хамгийн бага буюу дөрвөн хувийг Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын төгсөгчид эзэлсэн байна. Салбар сургууль тус бүр ялгаатай харьцангуй хувьтай байгаа нь хөтөлбөр тус бүрээс төгсөгчдийг хамруулсан байдалтай холбоотой болно. Сургууль тус бүрийн хувийг тэнцүүлж түүврийг тогтоох нь зарим нэг хөтөлбөрийн суралцагчид орхигдож судалгааны үр дүнд нөлөөлөх хандлагатай байдаг.
Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтийн үйл явцтай уялдуулан төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн төлөв байдлыг гаргах, ажилгүйдлийн шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, их сургуулиас бэлтгэгдэж буй мэргэжилтний ур чадвар хөдөлмөрийн зах зээлд нийцэж буй эсэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, суралцах хугацааны хөтөлбөрийн давуу болон сул талыг үнэлүүлэх замаар сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд уг судалгааны үр дүн ач холбогдол оршино.
Судалгааны үр дүн, тайлантай танилцаж, өөрсдийн үйл ажиллагаанд тусгахын зэрэгцээ аргачлал болон дүн шинжилгээтэй холбоотой санал хүсэлтээ Оюутны хөгжлийн төв (МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвийн 304 тоот) болон career@num.edu.mn цахим хаягаар илгээн хамтран ажиллахыг хүсье.
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ