Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурлыг 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн 80 жилийн ойн хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Монгол Улсын Боловсролын яам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Гадаадын олон улс орноос Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдын яам, Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, тус тэнхимтэй хамтран ажилладаг гадаад улсын олон их дээд сургууль, монгол судлалын байгууллагын төлөөлөл, тэнхимийн үе үеийн багш нар, төгсөгчид, оюутнуудын төлөөлөл бүхий 170 гаруй хүндэт зочин оролцов.
Хүндэтгэлийн хурлыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсролын сайд Пүрэвсүрэнгийн Наранбаяр, Монгол Улсын Их Сургуулийн ректор, профессор Баянжаргалын Очирхуяг нар нээж үг хэлсэн бол, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Чоймаагийн Лодойравсал уншиж сонордуулав.
МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Түмэн-Очирын Эрдэнэ-Очир “Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн сургалт, судалгааны түүхэн тойм” сэдвээр, Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн захирал, доктор, профессор Оюунч “Өвөр Монголын Их Сургуулийн Монгол судлалын өнгөрсөн ба ирээдүй” (Өвөр Монголын Их Сургуулийн монгол хэл бичгийн салбарын хөгжилд МУИС-ийн эрдэмтдийн оруулсан хувь нэмэр) сэдвээр тус тус хүндэтгэлийн илтгэл танилцуулав.
Ахмад багш, төгсөгч, оюутныг төлөөлж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Ардын Уран зохиолч Тангадын Галсан (1960 оны төгсөгч), Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Монгол Улсын Ардын багш, доктор, профессор Сэндэнжавын Дулам (1973 оны төгсөгч), Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор Журын Баянсан (1975 оны төгсөгч), Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Шалмаагийн Ёолк (1981 оны төгсөгч), Монгол Улсын Гавьяат багш Лувсандагвын Сувданчимэг (1986 оны төгсөгч), Монгол хэл, уран зохиолын багш, боловсрол хөтөлбөрийн 4 дүгээр ангийн оюутан Ариунболдын Жадамба нар мэндчилгээ дэвшүүллээ.
Хурлын үеэр Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн докторант Пүрэвдоржийн Даваадоржид “Шаравын Чоймаа сан”-гийн тэтгэлэгийг “Шаравын Чоймаа сан”-гийн ТУЗ-ийн дарга, доктор Чоймаагийн Лодойравсал, “Профессор Гантогтох сан”-гийн нэрэмжит тэтгэлэгийг тус тэнхимийн магистрант Амарбаатарын Алтансувдад “Профессор Гантогтох сан”-гийн гүйцэтгэх захирал, доктор Гантогтохын Энхтуул, профессор Г.Гантогтохын гэргий Б.Баярхүү нар тус тус гардуулав.
Хүндэтгэлийн хурлын бас нэг онцлох үйл явдал нь тус тэнхимийн анхны тэнхимийн эрхлэгч Академич Бямбын Ринчен, хоёрдогч тэнхимийн эрхлэгч, Академич Шадавын Лувсанвандан нарыг хүндэтгэн дурсах хөтөлбөр байсан бөгөөд Академич Шадавын Лувсанванданы охин Л.Маналжав мэндчилгээ дэвшүүлж, аавынхаа ажиллаж байсан төрөлх тэнхимийнх нь 80 жилийн ойд баяр хүргэж, Ш.Лувсанванданы гэрийн номын сангаас хэл шинжлэлийн 130 гаруй номыг өргөн барилаа.















