Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Хүмүүнлэнгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор, Осака Их Сургуулийн зочин багш, доктор Бямбажавын Түвшинтөгсийн бичсэн “Тод бичгийн модон барын дурсгалын судалгаа” бүтээлийн нээлт 2024 оны есдүгээр сарын 26-ны өдөр боллоо. Номын нээлтийн ёслолд мэргэжлийн эрдэмтэн судлаач, ном бүтээгч, оюутан суралцагчид оролцов.
Доктор Б.Түвшинтөгс энэхүү нэг сэдэвт бүтээлдээ Монгол Улс, ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНФУ, БНУУ, БНЧУ-ын мэргэжлийн байгууллагууд болон хувь хүмүүсийн хадгалж буй тод бичгийн модон барын дурсгалыг нэг бүрчлэн бүртгэж, эрдэм шинжилгээний тодорхойлолт хийснээс гадна тод бичгээрх бар хэвлэлийн түүхийг барын хэв, цагаан толгой, Алтангэрэл судар, Таслагч очир судар, үсэг зүйн онцлог, чимэг зураг, хорголжин үсгийн тиг зэрэгт тулгуурлан тодруулж гаргажээ. Ингэхдээ монголчуудын ном хэвлэлийн түүх, түүний судалгааны байдлыг Удиртгал хэсэгт дэлгэрэнгүй авч үзсэн байна. Уг бүтээлийг эх бичиг судлал, сурвалж судлал, үсэг зүй, монгол хэл бичгийн түүх зэрэг чиглэлээр бүх шатанд суралцагчид хийгээд монгол хэвлэлийн түүхийг сонирхогч, судлагч болон модон барын ном судрыг эрхэмлэн цуглуулагч, эрдэм шинжилгээний эргэлтэд судлан оруулагч, монгол бичиг үсгийн дурсгалтай бүхий л талаар холбоотой хүн бүхэнд зориулсан ажээ.
Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим