Монгол Улсын Их Сургуулиас санаачлан үндэсний мэдээллийн МонЦаМэ агентлагтай хамтран Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Монголын Орчуулагчдын Анхдугаар Чуулган”-ыг Төрийн ордонд 2024 оны есдүгээр сарын 30-ны өдөр буюу “Олон улсын орчуулгын өдөр” амжилттай зохион байгууллаа.
Тус чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал уншиж танилцуулав. Мөн УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр “Сүүлийн жилүүдэд орчуулгын бүтээл эрс нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Нөгөөтээгүүр, орчуулгын чанарын асуудлыг сөхөж ярих шаардлага үүсээд буй. Түүнчлэн хиймэл оюун ухаан энэ салбарт хүч түрэн орж ирж байна. Гэсэн хэдий ч хүний уураг тархи, оюун ухааныг гүйцэж түрүүлэхэд хол байна. Иймд бид цаашдаа хиймэл оюун ухааны салбарт ямар оролцоотой байх вэ гэдэг дээр бодолцох хэрэгтэй юм” хэмээв.
МУИС-ийн ректор Б.Очирхуяг тус сургуульд 1942 оноос эхлэн гадаад хэл зааж эхэлснийг өгүүлээд, “Манай сургуулийн давуу тал бол улсын хэмжээнд хамгийн олон гадаад хэлийг заан сургадаг дээд боловсролын байгууллага бөгөөд их сургуулийн хэлний бус хөтөлбөрийн оюутан ч гадаад хэлийг ерөнхий суурийн хичээл сонголтоор болон сонгон судлах хичээлээр суралцах боломжийг олгодог явдал юм. Эдүгээ МУИС нь 14 гадаад хэлний хэл тус бүрээр 2-3 бакалаврын хөтөлбөр болон сурвалжийн судалгааны гурван гадаад хэлээр сургалт явуулж байна. Энэ дашрамд, манай сургуулийн гадаад хэлний бакалаврын бүх хөтөлбөр улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдсэн нь төгсөгчдийн тухай эерэг үнэлэмжийг ажил олгогчдод төрүүлдэг юм. Мөн магистр, докторын Гадаад хэл шинжлэл болон Гадаад хэлний орчуулга ахисан түвшний хөтөлбөрөөр сургалт явуулахын хамт эрдэм шинжилгээ, судалгааг олон улсын түвшинд хүргэн, өндөр түвшний судалгааны төслүүдийг хэрэгжүүлэх боллоо” хэмээв.
Тус чуулган нь орчуулагчдын хүрээнд анх удаагаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд нийт 500 орчим орчуулагч, хэлмэрч болон орчуулгын салбарын мэргэжилтэн чуулж, энэ салбарын өнөө цагт тулгамдаад буй санал, шүүмжийг дэвшүүллээ. Энэхүү чуулганы өмнө 2024 оны есдүгээр сарын 06-12-ны өдөр орчуулгын салбарын тулгамдсан асуудал, орчуулагч, хэлмэрч мэргэжилтний ур чадвар, орчуулгын бүтээлийн чанар стандарт, орчуулгын салбарын хөгжлийн шийдэл гэсэн сэдвээр нийт дөрвөн удаагийн урьдчилсан хэлэлцүүлгийг
Монгол Улсын Их Сургууьд амжилттай зохион байгуулсан юм. Урьдчилсан хэлэлцүүлгийн хүрээнд танхим болон цахимаар нийт 658 санал ирүүлжээ. Үүнд,
1. Орчуулагч хэлмэрчийн мэргэжлийн ур чадвар,
2. Орчуулгын чанар, стандарт, холбоо, товчоод,
3. Орчуулгын сургалт, нэр томьёо,
4. Хиймэл оюуны цахим орчуулга гэсэн агуулгаар тус тус нэгтгэн дүгнэснээ чуулганы үеэр танилцуулж, төр засгийн байгууллага, мэргэжлийн холбоо, орчуулгын үйл ажиллагаанд оролцогчдод хандсан зөвлөмжийн төслийг чуулганаар хэлэлцүүлэн батлуулснаар, Монголын орчуулагчдын анхдугаар чуулган амжилттай болж өндөрлөлөө.