Монгол, Герман археологичдын хамтын судалгааны үр дүн “Орхоны хөндийн виртуал музей” үүдээ нээлээ

Share Button

2000 оноос эхлэн ХБНГУ-ын Археологийн Хүрээлэн, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургуулийн удирдлага доор олон улсын эрдэмтэн судлаачдын хамтарсан баг Монголын төв нутаг Орхоны хөндийд орших дундад зууны нүүдэлчдийн хот суурины агуу дурсгалууд болох Уйгурын Хар балгас (VIII-IX зуун), Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум (XIII-XIV зуун) хотуудыг шинжлэн судалж байгаа билээ.

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хамтын ажиллагааны бас нэгэн ажил болох “Орхоны хөндийн виртуал музей” англи, монгол, герман гурван хэлээр бэлэн болж үүд хаалгаа нээлээ.

Холбоос: https://orchontal.de/

ХБНГУ-ын Археологийн хүрээлэн, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Академийн эрдэмтэн судлаачид хамтран Монгол, Германы археологийн салбар дахь 25 жилийн хамтын ажиллагааны үр дүнг орчин үеийн өндөр технологийг ашиглан ийнхүү цахим үзэсгэлэн болгож дэлхий нийтэд нээлттэй үзүүлж байна.

“Орхоны хөндийн виртуал музей”  төслийн хүрээнд 2023-2024 оны хугацаанд Хархорум, Хар балгасын шилмэл олдворын 3D боловсруулалтыг гүйцэтгэтгэж, судалгааны түүх, дурсгалт газар, малтлага, олдворын тайлбаруудыг англи, монгол, герман 3 хэлээр бэлтгэн www.orkhonvalley.mn онлайн платформ дээр байршуулав.

Төслийн бүтээн байгуулалтын ажлыг ХБНГУ-ын Археологийн хүрээлэнгийн Бонн дахь салбар, Дрездений Техник эдийн засгийн дээд сургууль, МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Антропологи, Археологийн тэнхим, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид хамтран гүйцэтгэж, ХБНГУ-ын Гадаад хэргийн яам, Монгол Улсын Гадаад хэргийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамнаас тусалж дэмжсэн байна.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монголынхоо эртний түүх соёлын өвийг олон улсад сурталчлан таниулсан анхны виртуал музейтэй болж байна. Тус цахим хуудас зочлогсдод Орхоны хөндийн баялаг түүхээс гадна Хархорум, Хар балгас хотуудын хөгжил, ач холбогдлын талаар мэдээлэл өгнө. Түүний зэрэгцээ одоо явагдаж буй малтлагын төслүүд, тэдгээрийн үр дүн болон энэхүү хосгүй бүс нутгийн тухай мэдлэгийг зузаатгах орчин үеийн дэвшилтэт технологид (360° панорам зураг, олдворуудын 3D загвар болон виртуал каталог гэх мэт) суурилсан мэдээлэл өгөх юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар