“Оюутны хөгжлийн цогц бодлого: Асуудал, шийдэл” үндэсний хэлэлцүүлэгт ирүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайдын илгээлт

Share Button

Монгол Улсын Ерөнхий сайдын илгээлтийг Ерөнхий сайдын зөвлөх Ч.Болортуяа уншиж танилцууллаа.


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН
ИЛГЭЭЛТ

“Оюутны хөгжлийн цогц бодлого”

үндэсний хэлэлцүүлэгт оролцогчдод

Боловсролын яам, Монгол Улсын Их Сургууль хамтран зохион байгуулж буй “Оюутны хөгжлийн цогц бодлого: Асуудал, шийдэл” сэдэвт үндэсний хэлэлцүүлэгт оролцож, оюун бодлоо уралдуулж байгаа эрхэм хүндэт эрдэмтэн багш, судлаачид, оюутан, залуус Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд Засгийн газар “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлэх” зорилтыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд дээд боловсролын сургалтын байгууллагуудын үүрэг оролцоо, тэр дундаа оюутан, залууст чиглэсэн хөгжлийн хөтөлбөр, нэгдмэл зорилго, цогц бодлого чухал ач холбогдолтой.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт:

  • Эдийн засгийн тэргүүлэх чиглэл, орон нутгийн хөгжлийн зорилттой уялдуулан мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтыг ажил олгогчийн шаардлага болон хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, иргэдийг ажиллангаа суралцах, суралцангаа хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэн, хосмог ажлын байрны сургалтыг нэвтрүүлэх;
  • Төрийн өмчийн их сургуулиудыг сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болгон хөгжүүлж, академик эрх чөлөөг ханган, инновацын экосистемийг бүрдүүлэх;
  • Монголын их, дээд сургуулиуд дэлхийн шилдэг их сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, гадаадын нэр хүнд бүхий судлаач, эрдэмтдийг урьж ажиллуулах, оюутнуудыг гадаад улсад зуны сургалтад хамруулах зэрэг зорилтыг дэвшүүлсэн.

Эдгээр зорилтын хэрэгжилтийг хангах, бүх шатны боловсролыг тэгш, хүртээмжтэй, чанартай болгож бэхжүүлэх зорилгоор Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаад байна. Энэ бол Засгийн газар боловсролын шинэчлэлийн асуудлыг улс орны хөгжлийн нэн тэргүүний чухал асуудал хэмээн үзэж буйн тод илэрхийлэл бөгөөд өнөөдрийн хэлэлцүүлэгЗасгийн газрын энэхүү зорилтыг бодит ажил болгоход чухал хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Миний бие 2023 онд Монгол Улсын Их Сургуульд ажиллах үеэрээ 63 их, дээд сургуулийн оюутан, залуучуудын төлөөлөлтэй уулзаж, тэдний гаргасан санал хүсэлтийн мөрөөр оюутан, залуусын эрүүл мэндийн эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хамрагдалтыг идэвхжүүлэн, “Оюутан-цэрэг”-ийн тоог жилд 2200 хүртэл нэмэгдүүлж, номын сан, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулан, И-Монголиа нэгдсэн системд оюутанд зориулсан тусгай цэс үүсгэсэн гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Цаашлаад Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласнаар багш бэлтгэх тогтолцоо, бүх шатны хичээлийн хөтөлбөр, сургалтын байгууллагын менежментболон сурах бичгийн шинэчлэл, багшийн нийгмийн баталгаа, дээд боловсролын академик эрх чөлөөг ханган инновацын экосистемийг бүрдүүлэх, оюутны хотхоныг бүс, орон нутгийн хөгжлийн онцлог, дагуул хотуудад байгуулах зэрэг асуудлыг бодитоор шийдвэрлэхэд салбар дундын уялдааг хангах боломж нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байна.

Эрдэмтэн судлаачид, оюутан, залуус Та бүхнийг хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, гарсан санал зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр ирүүлэхийг хүсье. Засгийн газар санал зөвлөмжтэй танилцаж, цаашдын бодлого шийдвэртээ тусган хэрэгжүүлэх чиглэлээражиллахад бэлэн байна.

Монгол Улсын ирээдүйн хөгжлийг түүчээлэх оюутан, залуус Та бүхний сурах их үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН​​​​ ЕРӨНХИЙ САЙД​​​​

ЛУВСАННАМСРАЙН ОЮУН-ЭРДЭНЭ

2025 оны 04 дүгээр сарын 17ны өдөр

Улаанбаатар хот

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар