Монгол улсын ууган их сургууль МУИС хөгжлийнхөө 70 гаруй жилийн түүхэнд удаа дараа бүтэц зохион байгуулалт, агуулгын шинэчлэл хийж ирсэн. Энэ удаагийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт одоо суралцаж байгаа болон шинээр элсэх оюутан суралцагчдын хувьд ямар нөлөө, ач холбогдолтой байж болох талаар тодорхой мэдээлэл оюутан суралцагчдад хэрэгтэй байгаа тухай МУИС-ийн Оюутны холбоо, оюутны конгрессийн гишүүдээс санал гарсан юм.
Яагаад гэнэтхэн бүтцийн өөрчлөлтийн тухай асуудал чухал болов, бидний суралцаж байгаа сургууль мэргэжил яах бол, бидэнд ямар хүндрэл учрах бол, бас ямар давуу тал байгаа бол гэх зэрэг олон асуулт та бүгдэд байгаа нь тодорхой.
Дээд боловсролд дорвитой шинэчлэл хэрэгтэй, сургалтын чанарыг сайжруулах хэрэгтэй, өөрчлөх цаг болсон гэдэг санал шүүмжлэлийг сүүлийн жилүүдэд бид байнга сонсож ирсэн. МУИС-ийн Удирдах зөвлөл энэ талаар тодорхой шийдвэр гаргаж, үүний дагуу бүтцийн өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхлээд байна.
Энэхүү өөрчлөлт хийгдсэнээр оюутан та бүгдэд ямар нөлөө үзүүлэхийг зарим жишээгээр хэлье.
1. Миний мэргэжил сонголт зөв үү?
Та бүхэн ерөнхий боловсролын сургууль төгсөх үедээ мэдлэг ухааны тодорхой чиглэлээр суралцах хүсэлтэй байвч тухайн үед хуваарь ирээгүй юмуу дууссан гэх шалтгаанаар “ямар ч байсан МУИС-ийн аль нэг ангид орж, дараа нь шилжин суралцах” гэсэн бодолтой элсдэг тохиолдол цөөнгүй байдаг боловч шилжилтийн төлбөр гэх зэрэг олон шалтгаанаар тэр бүр боломжгүй байдаг. Тэгвэл энэ өөрчлөлт хийгдсэнээр шинээр элсэгчдийн хувьд их сургуульд элсэн ороод суралцах явцдаа өөрийгөө сорьж, хүссэн мэргэжил, хичээлээ чөлөөтэй сонгох өргөн бололцоотой байдаг олон улсын практик хэрэгжих юм.
2. Миний сонгож элссэн сургууль, мэргэжил алга болох уу?
Хүмүүс би Харвард төгссөн, би МУИС-ийг тийм мэргэжлээр төгссөн гэдгээрээ бахархдаг. Оюутан хүн ямар мэргэжлээр, хэр чанартай суралцаж төгсөх нь дараагийн шатны сургуульд элсэх болон ажилд ороход чухал байдаг. Одоо суралцаж байгаа оюутнуудын хувьд төгсөхдөө МУИС-д анх элссэн мэргэжлийнхээ дипломыг авах болно. Та бүгдийн сонгож орсон мэргэжил алга болохгүй, харин оюутан сонголт хийх боломж өргөн болох юм.
3. Миний элсэн суралцаж буй мэргэжлийн хөтөлбөрт өөрчлөлт орох уу?
Бүтцийн өөрчлөлтөөс хамааран оюутны одоо суралцаж байгаа мэргэжил хөтөлбөрт өөрчлөлт орохгүй бөгөөд оюутны сонгон элссэн мэргэжлийн дагуу төгсөх хүртэл сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдах болно.
4. Сургалтын чанар яаж сайжрах вэ?
МУИС-д дэлхийд нэртэй, улсдаа тэргүүлдэг олон эрдэмтэн багш нар ажилладаг. Одоогоор эдгээр эрдэмтдийн мэдлэг, ур чадвар нарийн мэргэжлээр сурч байгаа цөөн зарим оюутанд нээлттэй байна. Өөрчлөлт хийснээр МУИС-ийн оюутан сургуулийнхаа шилдэг эрдэмтэн багшаар өөрийн сонирхсон хичээл заалгах боломжийг нээж өгнө.
5. Зарим анги, мэргэжлийг өөр сургууль, хөтөлбөрт шилжүүлэх үү?
МУИС-ийн мэргэжлийн хөтөлбөрүүдийг ШУТИС, МУБИС зэрэг өөр сургуулийн ижил төстэй хөтөлбөр лүү шилжүүлэх асуудал огт байхгүй. Харин оюутан өөрөө хүсвэл МУИС дотроо өөр хөтөлбөрт шилжин суралцах, давхар мэргэжлээр суралцах асуудал илүү нээлттэй болно.
6. Оюутанд хандсан үйлчилгээ сайжрах уу?
Оюутны хичээл сонголт, мэргэжил сонголт, тэтгэлэг, оюутныг дэмжих хөтөлбөрүүд, оюутны сурах амьдрах орчин болон бусад зөвлөгөө, дэмжлэгийг чанарын өөр түвшинд гаргана. Сургуулийн нөөцийг илүү үр ашигтай зарцуулж, анги, танхим, өрөө тасалгаанууд сургалт, оюутны үйлчилгээнд илүү зориулагдах болно.
Эцэст нь хэлэхэд аливаа өөрчлөлт шинэчлэл эсэргүүцэлтэй тулгардаг жамтай. Нөгөө талаар хамт олны дунд ташаа буруу мэдээлэл тарж, сөрөг ойлголт төрүүлэх, энэ явцад алдаа гарчих вий гэж болгоомжлох, гэнэт хүчээр хийлээ хэмээн дургүйцэх зэрэг зүйл байна. Гэхдээ энэ бүх өөрчлөлт шинэчлэл оюутан, нийгмийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж хийгдэж байгаа гэдгийг ойлгож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
МУИС бол Монголын №1 их сургууль, та бүхэн цаашид ч сургуулиараа бахархаж, МУИС-ийн төгсөгч гэсэн алдар хүндийг нийгэмдээ өргөж явна гэдэгт найдаж байна.
МУИСОХ, Оюутан конргессоос зохион байгуулсан Оюутан форумд захирал А.Галтбаярын МУИС-ийг хөгжүүлэх хөтөлбөр, ирэх хичээлийн жилд хийх гол ажлын талаар тавьсан мэдээлэлийг энд дарж үзнэ үү
Захирал А.Галтбаяр