“МУИС-ийн дүрэм журмыг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх” ажлын хэсгийн товч тайлан

Share Button

logo_en_web

“МУИС-ийн дүрэм журмыг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх” ажлын хэсэг нь нийт 3 удаа хуралдсан бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 26-ний өдрийн Нэгдүгээр хуралдаанаар ажлын хэсгийн авч хэлэлцэх асуудлыг Захиргаанд хүсэлт гарган тодруулж, хариуг бичгээр авах, 2013 оны 12 дугаар сарын 02 -ний өдрийн Хоёрдугаар хуралдаанаар Захиргаанаас ирүүлсэн хүсэлтийг авч хэлэлцээд Хууль зүйн сургуулийн мэргэжлийн 5 багшийг холбогдох хууль тогтоомжийг судлан үзэж, санал боловсруулж, ажлын хэсгийн гишүүдэд хүргэн хэлэлцүүлэхээр тогтсон бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 06 ний өдрийн Гуравдугаар хуралдаанаар ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэж, шаардлагатай нэмэлт засварыг хийж, 100% дэмжин, улмаар МУИС-ийн Эрдмийн зөвлөлд танилцуулах үүргийг ажлын хэсгийн ахлагч болон нарийн бичгийн дарга нарт өгөв.

МУИС-ийн дүрэм хууль тогтоомжид нийцэж буй эсэх

талаарх Ажлын хэсгийн товч дүгнэлт

2013-12-06                                                                                   Улаанбаатар хот

МУИС-ийн захирлын тушаалаар байгуулсан “МУИС-ийн дүрэм журмыг хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх” ажлын хэсэг нь Монгол улсын холбогдох хууль тогтоомжид МУИС-ийн дүрэм хэрхэн нийцэж байгаа асуудлыг судлан үзээд дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 1.  МУИС-ийн Удирдах зөвлөл ба Эрдмийн зөвлөлийн эрх зүйн байдал, чиг үүргийн  давхцлын талаар

МУИС-ийн Удирдах зөвлөлийн дүрмийн §1.1-д Удирдах зөвлөл нь тус сургуулийн өөрийн удирдлагын дээд байгууллага мөн гэж заасан бол МУИС-ийн дүрмийн §4.2-т Эрдмийн зөвлөл нь МУИС-ийн өөрийн удирдлагын байгууллага мөн гэснээр МУИС-д бараг ижил түвшний өөрөө удирдах ёсны хоёр байгууллага бий болж эрх зүйн байдлын давхцал үүсчээ. Энэ нь Дээд боловсролын тухай хуулийн §11.1-д буй их дээд сургууль, коллежийн өөрийн удирдлагыг сургуулийн удирдах зөвлөл хэрэгжүүлнэ гэсэнтэй нийцэхгүй байна.

 Удирдах зөвлөлийн болон Эрдмийн зөвлөлийн дүрмээр Удирдах зөвлөл ба Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагаанд нэг чиг үүргийг давхцуулан ногдуулсан нь зөрчилдөөн үүсгэж байна. Тухайлбал, МУИС-ийн хөгжлийн бодлого хөтөлбөрийг хэлэлцэх, МУИС-ийн дүрэм түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх, МУИС-ийн үндсэн нэгжийг байгуулах, өөрчлөн зохион байгуулах, татан буулгах асуудлыг хэлэлцэх, МУИС-ийн харъяа дээд сургууль, коллеж, гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг хэлэлцэх гэх мэт. Эдгээр чиг үүрэг нь Боловсролын тухай хуулийн §36.11-д зааснаар Удирдах зөвлөлийн чиг үүрэгт хамаарч байна. Дээд боловролын тухай хуулийн §11.4-т “Сургалт-эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоож, түүний онол, арга зүйн түвшин, ач холбогдол, үр дүнг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах зорилгоор их сургууль, дээд сургуульд эрдмийн зөвлөл, коллежид сургалт-арга зүйн зөвлөл ажиллана” гэж Эрдмийн зөвлөлийн чиг үүргийг тодорхойлжээ.

Нэн ялангуяа МУИС-ийн дүрэм, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг болон МУИС-ийн үндсэн нэгжийг байгуулах, өөрчлөх зэрэг асуудлыг Эрдмийн зөвлөлөөр хэлэлцээд шууд Удирдах зөвлөлд оруулахаар МУИС-ийн дүрэмд заасан нь бусад этгээдэд хуулиар олгосон эрх хэмжээнд халдах болон хуваалцах эрхийг өөрт олж авснаараа Эрдмийн зөвлөлийн хувьд эрсдэлтэй шийдэл болж хувирсан байх бөгөөд тогтвортой мөрдөгдөх боломжгүй болох нь практикт үүссэн нөхцөл байдлаас харагдаж байна. Иймд уг асуудлыг ултай судлан боловсруулж, тодорхой зөв шийдэлд хүрэх шаардлагатай гэсэн дүгнэлт хийв.

2. МУИС-ийн Эрдмийн зөвлөл ба Захирлын эрх хэмжээ зөрчилдөж буй талаар

 МУИС-ийн бүтэц зохион байгуулалтыг тогтоох санал гаргах эрх хэмжээг хоёр дүрэмд өөрөөр зохицуулсан нь зөрчилдөөн үүсгэжээ. Тухайлбал, Удирдах зөвлөлийн дүрмийн §3.1.2-т Удирдах зөвлөл нь сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн сангийн хэмжээг захирлын саналыг үндэслэн тогтоох гэж заасан бол МУИС-ийн дүрмийн §4.1.7.5-д Удирдах зөвлөл нь МУИС-ийн үндсэн нэгжийг байгуулах, өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай Эрдмийн зөвлөлийн саналыг хэлэлцэж шийдвэрлэх гэж заажээ. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны 283-р тушаалаар баталсан “Их сургууль, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн удирдах зөвлөлийн үлгэрчилсэн дүрэм”-ийн §3.1-ийн б-д Удирдах зөвлөл нь захиргааны саналыг нь үндэслэн сургуулийн бүтэц, зохион байгуулалт, дүрэм, жишиг орон тоо, цалингийн сангийн хэмжээг тогтооно гэжээ. Иймд Эрдмийн зөвлөл нь захирлын эрх хэмжээг булаацалдаж байна гэж үзэхээр байна.

3.  МУИС-ийн дүрмийг хууль тогтоомжид хэрхэн нийцүүлэх талаарх товч санал

     а) МУИС-ийн Удирдах зөвлөл болон Эрдмийн зөвлөл, Захирлын эрх зүйн байдлыг шинээр тодорхойлох

     б) Тэдгээрийн чиг үүрэг, эрх хэмжээний давхцлыг арилгах болон өөр хооронд нь уялдуулах байдлаар хууль тогтоомжид нийцүүлэх. Тухайлбал, Эрдмийн зөвлөлийн даргын статусыг шинээр тодорхойлох замаар эрдмийн хамт олны эрх ашгийг сургуулийн удирдлагын үйл ажиллагаанд жигд хангах боломжийг бүрдүүлэх гэх мэт.

     в) Бүрэлдэхүүн сургуулийн удирдлагын эрх, үүргийг боловсронгуй болгох

   г) МУИС-ийн Удирдах зөвлөлийн шийдвэр гаргах зарчим, процедурыг тодорхой болгож, УЗ-ийн дүрэмд дэлгэрэнгүй тусгах саналыг УЗ-д оруулах

О.Мөнхбат

НШУС

Ажлын хэсгийн дарга
Б.Санжмятав

ОУХС

Нарийн бичгийн дарга
А.Эрдэнэцогт

ХЗС

Нарийн бичгийн дарга
Ч.Лодойравсал

МТС

Гишүүн
Б. Болдэрдэнэ

НШУС

Гишүүн
Д.Бадмаанямбуу

ГХСС

Гишүүн
Д.Солонго

ХЗС

Гишүүн
С.Эрдэнэсүх

ГГС

Гишүүн
А.Эрдэнэцогт

ХЗС

Гишүүн
Ж.Эрдэнэбулган

ХЗС

Гишүүн
В.Оюумаа

ХЗС

Гишүүн
Н.Баатарбилэг

ББС

Гишүүн
Д.Гармаа

МКС

Гишүүн
П.Одгэрэл

ХЗС

Гишүүн
Б.Даваасүрэн

ЭЗС

Гишүүн
Д.Галбаяр

МХСС

Гишүүн
А.Булган

МКС

Гишүүн
Б.Лхамсүрэн

ОУХС

Гишүүн

С.Боловсон

ХС

Гишүүн
Д.Уламоргих

ФЭС

Гишүүн

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар