“ЗАНГИА ПОРТАЛ” ХХК-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

Share Button

2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Сургууль (МУИС) болон “Зангиа портал” ХХК хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.

Талууд санамж бичгийн хүрээнд залуу үеийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил олгогчдын шаардлагад нийцсэн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, оюутан, суралцагсдын дадлагажих боломжийг нэмэгдүүлэх, байнгын болон цагийн ажлын байранд зуучлах, цахим сургалтаар шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Санамж бичиг зурах ёслолын үеэр МУИС-ийн зүгээс “ирээдүйн ажлын байр”-ны хамтарсан судалгааг тогтмол хийж, хөдөлмөрийн зах зээлийн дунд ба урт хугацааны чиг хандлага, шаардлагатай ур чадварыг бодитоор тодорхойлон, сургалтын бодлого болон оюутны карьерын дэмжлэгт тусган хэрэгжүүлэх зорилтоо онцлов.

Гарын үсэг зурах ёслолд МУИС-ийн талаас ректор Б.Очирхуяг, Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар, Хамтын ажиллагааны газрын дарга Ш.Мэндбаяр, Оюутны хөгжлийн газрын хөдөлмөр эрхлэлт, карьер хөгжлийг дэмжих үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн А.Ариунзаяа нар “Зангиа портал” ХХК-ийг төлөөлөн захирал Т.Баяр, хамтын ажиллагааны менежер М.Солонго нар оролцов.

Уулзалтын үеэр “Зангиа портал” ХХК нь 2018 оноос хойш эдийн засгийн голлох салбар бүрээр нарийвчилсан цалин, хөлсний судалгааг жил бүр боловсруулан гаргаж ирсэн уламжлалынхаа хүрээнд 2023, 2024 оны “Ажил олгогчдын цалин, хөлсний тайлан”-г МУИС-ийн номын санд хандивлалаа.

Уг хандив нь оюутан, судлаачдад хөдөлмөрийн зах зээлийн бодит өгөгдөлд тулгуурлан судалгаа хийх боломжийг өргөтгөхөөс гадна байгууллагууд зах зээлийн мэдээлэлд суурилсан цалин, урамшууллын бодлогоо тодорхойлж, сайжруулахад дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ГАЗАР

ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар