Монгол Улсын Их Сургууль болон М-Си-Эс Кока-Кола” компанитай Тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн, байгальд ээлтэй сургуулийн орчин бүрдүүлэх, байгаль орчин, нийгэм засаглалын чиглэлээр сургалт судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах зорилготой хамтын ажиллагааны санамж бичгийг 2025 оны 9 дүгээр сарын 10-нд байгуулсан.
Хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр /2025.10.30/ МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар тэргүүтэй төлөөлөл санамж бичигт хавсаргасан үйл ажиллагаануудыг нарийвчлан хэлэлцэх, санал солилцох, мөн М-Си-Эс Кока-Кола компанийн үйлдвэр, үйлдвэрийн хаягдал ус цэвэршүүлэх байгууламж, хийн түлшээр ажилладаг байгальд ээлтэй утаагүй зуухны үйл ажиллагаатай танилцах зорилгоор ажиллав.




“МУИС-ийн стратеги төлөвлөгөө 2025-2030”-д тусгасан байгальд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх зорилтын хүрээнд хог хаягдлыг ангилан ялгах дадал хэвшлийг байгууллагын хэмжээнд төлөвшүүлэх, “Хуванцрын хаягдалгүй жишиг их сургууль” болох зорилгын хүрээнд хамтран хэрэгжүүлэх зарим ажлын талаар санал солилцов.
Уулзалтад МУИС-ийн Байгалийн ухааны салбар, Инженер технологийн сургууль, Бизнесийн сургуулийн багш нар болон Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк, Оюутны хөгжлийн газар, Хангамж үйлчилгээний газрын холбогдох мэргэжилтнүүд оролцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцэж, хамтын ажиллагааны зарим шинэ чиглэлийн талаар зөвшилцлөө.


