Тайваний Боловсролын дэд сайд Лин Цон Мин өнөөдөр захирал С.Төмөр-Очирын уоилгаар МУИС-д зочиллоо. Уулзалтын үеэр МУИС-ийн захирал сургуулиа танилцуулж, хэтийн зорилго болон хөгжлийн төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлэхэд бидний харилцан ойлголцлын дүнд шинээр байгуулагдаж байгаа Монгол-Тайваны боловсролын төв чухал үүрэгтэйг онцоллоо. Уулзалтын дараа МУИС-ийн хичээлийн 3-р байрны 317 тоот танхим дахь Монгол-Тайваний боловсролын төвийн нээлтэнд ноён Лин Цон Мин болон түүнийг дагалдан яваа албаны төлөөлөгчид, МУИС-ийн удирдлагууд оролцов.
Энэ үеэр Тайваний боловсролын дэд сайд хэлсэн үгэндээ “Энэхүү боловсролын төв нь манай хоёр орны их сургуулиудын хамтын ажиллагааны гүүр болон бэхжиж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, багш оюутан солилцох, харилцан мэдлэг мэдээлэл дамжуулахаас гадна хятад хэлийг олон нийтэд сургах суртчилах гол цөм болон ажиллана гэдэг итгэлтэй байгаагаа хэлээд материаллаг бааз суурийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Мөн цаашид шинжлэх ухааны, соёлын чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллахад бэлэн байгаагаа дэд сайд дурдаад энэхүү төв нь Монгол Тайвань хоёр орны хамтын ажиллагааны зөвхөн эхлэл нь болж байна гэлээ.
Төвийн нээлтийн дараа ноён Лин Цон Мин тэргүүтэй төлөөлөгчид МУИС-ийн ФЭС, ХХИС, Байгаль-Эх лицей сургуулиудын сургалтын орчин, лаборатори, үйл ажиллагаатай нь танилцав.
Дэлхийн жишигт хүргэх зорилгоор Тайваны засгийн газар их дээд сургуулиудаа чансаагаар нь шалгаруулж, жил бүр 10 тэрбум тайван долларын дэмжлэг үзүүлдэг юм байна. Энэ утгаараа Тайваний их сургуулиуд сүүлийн жилүүдэд дэлхийд чансаагаараа дээгүүрт бичигдэх болжээ. Тухайлбал, Тайваний үндэсний их сургууль нь дэлхийн шилдэг 100 сургуулийн нэгээр шалгарч, олон улсын боловсролын индексээр дэлхийд 17-р байранд жагсаж, инженер технологи, инновацийн чиглэлээр эхний 10-т багтаж байгаа аж.