“НАНОТЕХНОЛОГИ-2011” үндэсний хоёрдугаар симпозиум амжилттай зохиогдов

Share Button

 МУИС, БСШУЯ, ҮХШХ хамтран “НАНОТЕХНОЛОГИ-2011” үндэсний хоёрдугаар симпозиумыг 10-р сарын 7-нд амжилттай зохион байгууллаа.  МУИС-ийн дугуй танхимд болсон уг хурал нь Монгол улсад хөгжиж байгаа  өндөр технологи, тэр дундаа нанотехнологийн өнөөгийн ололт амжилт, алдаа дутагдлыг үнэлж дүгнэж,  цаашид юу хийх, хэрхэн хамтран ажиллах чиглэлийг тодорхойлов. Түүнчлэн төрийн байгууллага, их дээд сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хувийн хэвшил, бизнесийн байгууллага зэрэг нийгмийн бүхий л салбарынхны санал бодлыг хуваалцаж, үндэсний хэмжээнд нано-шинжлэх ухаан, нанотехнологи, нано-инженерчлэл, нано-боловсрол, нано-бизнес, нано-аж үйлдвэрийн салбарын хөгжлийн ирээдүйн хандлагад дүгнэлт өгөх, мөн нанотехнологийг олон нийтэд таниулан сурталчилахад хурлын гол ач холбогдол оршлоо.

Тус симпозиумд БСШУЯ, МУИС, ШУТИС, ШУА, ШУТС, ХУИС, Ёкохама их сургууль, Монхимо ЭШТТ, Новелти ХХК зэрэг байгууллагын эрдэмтэд оролцож, “Нано оюуны өмч, стандартын хөгжлийн хандлага”, “Адууны ясыг боловсруулж, нано кальцийн бэлдмэл гарган авах инновацийн төслийн үр дүн”, “Алтайн сонгиныг тарималжуулж, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх туршилт”, “Монгол орны зарим зүйл ургамлын мутагены эсрэг идэвхийн судалгаа”, “Баруун ба өмнөд Монголын цирконт боржингийн судалгаа”, “Монгол орны нүүрснээс нүүрстөрөгчийн нано хоолойг уураас суулгах химийн арга”, “Ургамлын навчны гадаргын наношинж” зэрэг олон сонирхолтой илтгэлүүд тавьж хэлэлцүүллээ.

Түүнчлэн энэ үеэр дэлхий нийтэд нэн шаардлагатай буй нано боловсрол, нарийн мэргэжлийн хүний нөөцийг бэлдэх, шинээр төрөн гарч буй судлаачдыг дэмжиж урамшуулах үүднээс их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын залуу эрдэмтдийн дунд “Нанотехнологийн салбарын шилдэг судлаач”-ийг шалгаруулахад МУИС-ийн ХХИС-ийн М.Баттулга-Органик “Гэрэл цацруулагч диодын чадлыг сайжруулахын тулд түүний анод электрод болох ITO-ийн гадаргууг элэктрохимийн боловсруулалт хийх” сэдэвт бүтээлээрээ 1-р байр, ШУА-ийн ХХТХ-ийн Б.Бумаа “Полианилинд суурилсан цагаан алтан катализаторын судалгааны зарим үр дүн” сэдэвт бүтээлээрээ 2-р байр, МУИС-ийн ХХИС-ийн Ж.Баярдулам “Протон солилцооны мембрант түлшний Pt/MWCNT катализаторын электрохимийн идэвхийг сайжруулах” сэдэвт бүтээлээрээ 3-р байрыг  тус тус эзлэв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар