Монголын шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан МУИС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн хэлтсээс дэлхийн шинжлэх ухааны хамгийн нэр хүндтэй мэдээллийн сан болох Томсон Ройтерсд бүтээлээ хэвлүүлсэн судлаачдаа хүлээн авч уулзах уулзалтыг 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулав.
Уулзалтыг нээж Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Ж.Батхүү хэлэхдээ “ Өнгөрсөн хичээлийн жил (2013.09.01-2014.08.31-ны хооронд)-д 42 судлаач МУИС-ийн нэр орсон 57 бүтээлийг Томсон Ройтерсийн мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд хэвлүүлсэн байна. Энэ нь дээрх мэдээллийн санд бүртгэлтэй Монгол судлаачдын нийт бүтээлийн 30.8 хувийг эзэлж байгаа нь МУИС Монгол улсын шинжлэх ухааны томоохон төв болохыг харуулж байна. МУИС 2014 онд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлтэй судлаачдаа дэмжих, тэднийг дагуулан хөрөнгө оруулалт хийж судалгааны суурь лабораториудын материаллаг баазыг бэхжүүлэх хүсэлтийг БШУЯ-нд тавьсны үр дүнд улсын төсвөөс 1.8 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийгдэж, судалгааны тоног төхөөрөмж нийлүүлэгдэх ажил явагдаж байна. МУИС хойшид ч та нар шиг чадварлаг судлаачдаа аль болох дэмжих болно. Зөвхөн улсын төсвийн хөрөнгө оруулалтад найдах бус, МУИС ч өөрийн төсвийн хүрээнд судалгааг дэмжин ажиллахаар болж, шинэ хичээлийн жилийг судалгааг дэмжих жил болгон, 800 сая төгрөгийг төсөвтөө суулгасныг та бүхэн мэдэж байгаа. Дээрхи төсвийг профессор, дэд профессор нарт судалгааны зардал олгох; залуу судлаачдын салбар дундын судалгааны багт грант олгох; өндөр түвшний судалгаа болон мэргэжлийн сэтгүүлийг дэмжих чиглэлээр зарцуулах түр журмыг ( эндээс) өчигдөр сургуулийн цахим хуудсан дээр байршуулсан бөгөөд та бүхнийг уг түр журамтай сайтар танилцан төслийн саналаа өргөнөөр ирүүлэхийг уриалж байна. МУИС-ийн судалгааны түвшинг дээшлүүлэх, нэр хүндийг өргөхөд та бүхний оруулж байгаа хувь нэмэр их бөгөөд цаашид ч та бүхнийг улам их амжилт гарган ажиллахыг ерөөе” гэв.
МУИС-ийн захирлын тушаалаар Томсор Ройтерсийн мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд нэгдүгээр зохиогчоор өгүүлэл хэвлүүлсэн Б.Баяртогтох, Б.Эрдэнэбат, М.Пфайфер, Л.Ариунцэцэг, Т.Жанлав, Б.Дэлгэрбат; холбоо барих зохиогчоор өгүүлэл хэвлүүлсэн Ц.Батболд, Н.Жавхлантөгс, У.Батзориг; хамгийн олон өгүүлэл хэвлүүлсэн Б.Болдгив, Н.Баатарбилэг нарт мөнгөн шагнал олгож урамшуулахаар болсон байна.
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2014/12/цэгинэ.docx”]