Түүхэн судалгааны шинэ чиглэл болсон Газарзүйн мэдээллийн систем (ГМС)-д тулгуурлан судалгаа хийх ажлыг дэмжих, арга аргачлалыг хөгжүүлэх, олон нийтэд түүхийн тухай үнэн зөв мэдээллийг хүргэх зорилгоор 2012 онд Японы Токиогийн Их Сургуулийн санаачилгаар Asian Network for GIS-based Historical Studies(ANGIS) буюу Азийн ГМС-д суурилсан түүхэн судалгааны сүлжээ байгуулагдсан. Түүнээс хойш 2012 оны 12 дугаар сард ANGIS-ийн олон улсын анхдугаар конференц, 2013 онд Олон улсын хоёр дахь чуулга уулзалт зохион байгуулсан бөгөөд 2015 оны 1 дүгээр сарын 5-6-нд гутгаар чуулга уулзалт Тайландын Бангкок хотноо Cultural Releationship study of mainland southeast Asia (CRMA) буюу “Зүүн өмнөд Азийн эх газрын соёлын харилцаа”–ны чуулга уулзалттай нэгтгэн зохион байгуулагдлаа.
Уг хурлаар хэлэлцэх илтгэлүүдийг 2014 оны 6 сараас хойш хүлээн авсан бөгөөд нийт 183 илтгэлээс шалгарсан Тайланд, Япон, Камбож, Энэтхэг, Египет, Филиппин, Индонез, АНУ, Шри-Ланка, Малайз, Вьетнам, Их Британи, Лаос, Франц, Монгол зэрэг 15 улсын соёлын судалгааны 20, түүхэн судалгааны 24 илтгэл хэлцсэнээс МУИС-ийн Газарзүйн тэнхмийн ГМС-Зайнаас тандан судлалын багш Ч.Болорчулуун, Байгаль орчны зайнаас тандан судлал ба ГМС мэргэжлийн 4-р түвшний оюутан Б.Мөнх-Эрдэнэ нарын “Монголын нууц товчоон дахь түүхэн газар нутаг-Буур хээрийн тулаан” илтгэл хэлэлцэгдлээ. Аман илтгэлийг оюутан Б. Мөнх-Эрдэнэ тавьсан нь “… Монгол улсаа төлөөлөн оролцож байгаа анхдагч болсон төдийгүй бакалавр оюутан илтгэл тавьсан анхны тохиол боллоо…” хэмээн ANGIS-ийн ерөнхийлөгч, проф. Mamoru Shibayama хурлын хаалтын үеэр онцлон тэмдэглэсэн байна.
Шалгарсан илтгэлүүд “Asian Network for GIS-based Historical Studies” сэтгүүлийн дараагийн дугаарт хэвлэгдэн олон нийтэд хүрэх болно. Уг судалгааны ажлыг сүүлийн 3 жилийн турш хийж байгаа бөгөөд судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулж, мэргэжлийн туслалцаа үзүүлсэн ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн нийт хамт олон, түүний дотор Дундад зууны Монголын түүхийн салбарын доктор Ц.Минжинд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна.
Хурлын тухай мэдээллийг http://www.l.u-tokyo.ac.jp/~angisj/ANGIS(Japan)_en/angis3.pdf -ээр үзэж болно.