Б.Энхжаргал: “МУИС шинжлэх ухаанч оюутнуудаа ТЭТГЭЛГЭЭР дэмжинэ”

Share Button

УДАХГҮЙ МУИС-ийн ТЭТГЭЛЭГ, ЯПОНЫ Mitubishi UFJ Foundation-ний НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ, ТАЙВАНИЙ ИРГЭН Uni Urta-ийн НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГҮҮД ЗАРЛАГДАНА 

IMG_2988“МУИС-д суралцагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам” батлагдаж энэ сарын 1-нээс эхлэн мөрдөгдөж байна. Үүнтэй холбогдуулан шинэчлэгдэж буй журамд бодлогын хувьд орсон өөрчлөлт, давуу тал, цаашлаад МУИС-ийн оюутнуудад олгогдож буй тэтгэлгийн талаар Сургалтын нэгдсэн албаны Оюутны үйлчилгээний ахлах мэргэжилтэн Б.Энхжаргалаас тодрууллаа.

Юуны түрүүнд МУИС-д хэчнээн төрлийн, ямар тэтгэлгүүд олгогддог талаарх мэдээллийг уншигчдад хүргээч?

-Монгол улсын их сургуульд суралцаж буй суралцагчдын сурч боловсрох, судалгаа шинжилгээний ажил хийх, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, түүнчлэн амжилттай суралцаж буй суралцагчдыг урамшуулах, шилдэг элсэгчдийг дэмжих зорилготой МУИС-ийн болон гадаад дотоодын хувь хүн, байгууллагын 10 гаруй тэтгэлэг байдаг. Эдгээрт жилд дунджаар 300 гаруй суралцагч хамрагдаж байна. Тэтгэлэг зарлагдсан даруйд мэдээллийг МУИС-ийн вебсайт www.num.edu.mn, холбогдох олон нийтийн сүлжээний хуудсаар болон боломжит хувилбаруудаар нээлттэй хүргэдэг. 

Өнгөрсөн сарын сүүлээр МУИС-ийн суралцагчид олгох тэтгэлгийн нийтлэг журмыг баталлаа. Өмнөх журмаас ялгарах онцлог болоод өөрчлөлтийн талаар дурдвал?

-МУИС-д Оюутанд тэтгэлэг олгох хэд хэдэн тусдаа журмууд үйлчилдэг байсан. Тэдгээрийг нэгтгэн тэтгэлэг олгох, сонгон шалгаруулахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлах үндсэн баримт бичиг нь энэхүү журам юм. МУИС-д суралцаж байгаа  бүх түвшний оюутнууд уг журмын нийтлэг шаардлагыг хангаж байгаа тохиолдолд  тэтгэлэгт нэр дэвшихэд нээлттэй. Журмандаа байгалийн ухааны хөтөлбөрөөр улсын олимпиадад амжилттай оролцсон МУИС-ийн элсэгч болон энэ чиглэлээр амжилттай суралцаж буй оюутнуудыг илүү дэмжихээр тусгасан байгаа. Жил бүр МУИС-ийн нэрэмжит тэтгэлгээр 30 оюутан, эрдэм шинжилгээний ажил амжилттай хийж онцгой үр дүн гаргасан суралцагчид олгох Эрдмийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлгийг 10 оюутанд олгож байхаар болсон. Мөн докторын сургалтад суралцаж буй МУИС-ийн залуу багшид тэтгэлэг олгохоор шинэ зүйл нэмсэн.  

-Ажиглаж байгаагаар оюутнуудын тэтгэлэгт хамрагдах байдал дульмаг шиг. Боломжийг хэрхэн ашиглах тал дээр зөвлөгөө өгөөч?

-Ер нь МУИС-ийн нэрэмжит тэтгэлгүүдээс гадна гадаадын хувь хүн, байгууллага, сангийн тэтгэлгүүд нэлээдгүй бий. Оюутнууд маань гаргасан зар, мэдээллийг хальт уншиж, дутуу ойлгодог явдал их байна. Материал бүрдүүлэхдээ нямбай хандах хэрэгтэй. Мөн хугацаа тулгаж эсвэл хугацаа дууссаны дараа материал өгдөг, материал бүрдэлт дутуу зэргээс шалтгаалан тэтгэлгээс хасагддаг тохиолдол их. Өргөдлийн маягтыг компьютер дээр нэг бүрчлэн бөглөж бичих хэрэгтэй. Гараар бөглөсөн, бичиг нь гаргагдахгүй өргөдлийн анкет ихэнхдээ хасагддаг. Япончууд, Солонгосчууд сэтгэл гарган бэлдсэн, цэгцтэй материалд илүү дуртай байдаг. Хоёрдугаарт оюутнууд маань сайт дээр байгаа зар, мэдээ мэдээлэлд анхаарал хандуулж, өөрт олдож байгаа боломж, бололцоог ашиглаж сурмаар байна. Тухайлбал шинэ журмаар Солилцооны хөтөлбөрт хамрагдах нь тэтгэлгийн нэг төрөл гэж заасан байгаа. Солилцооны хөтөлбөрийн зар, мэдээлэл МУИС-ийн вэб хуудас дээр олон бий. Хугацаа дөхөөд ирмэгц дахин байршуулж, оюутнуудын ихэнх цагаа өнгөрүүлдэг олон нийтийн хуудсуудаар хүргэдэг. Зарласан хугацаа дуусч байхад маш цөөхөн материал заримдаа огт ирэхгүй тохиолдол байх жишээтэй. Энэ тохиолдолд сунгалтын хугацаа өгдөг. Солилцооны хөтөлбөрөөр суралцахад хэлний мэдлэг гол шалгуур болдог учир сайн бэлдэж байгаад хөтөлбөрт хамрагдах бүрэн боломж оюутан бүрт бий гэдгийг онцлон хэлье. Оюутнуудаа тэтгэлэгт өгөх материалаа маш сайн бүрдүүлж өгөөрэй. Энэ удаа сонгогдоогүй ч дараагийн удаа боломж байгаа. Эзэн хичээвэл заяа хичээнэ ээ.

Нэмж хэлэхэд удахгүй МУИС-ийн тэтгэлэг, Японы Mitubishi UFJ Foundation- ний нэрэмжит тэтгэлэг, Тайваний иргэн Uni Urta-н нэрэмжит тэтгэлэг зарлагдах тул оюутнууд та бүхэн өрсөлдөөд үзээрэй. 

-Таны ажилд амжилт хүсье!

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар