Оюутнуудын дунд “Цаазаар авах ял” сэдвээр кино хэлэлцүүлэг зохиолоо

Share Button

 

МУИС-ийн НШУС-ийн Философийн тэнхим, Философийн кино клуб, “Эмнести Интернэшнл” олон улсын хүний эрхийн байгууллага хамтран нэгэн сонирхолтой хэлэлцүүлэг хичээлийн 5-р байрны лекцийн танхимд зохиолоо. “Цаазаар авах ял” сэдвийн хүрээнд явагдсан уг кино хэлэлцүүлэгт МУИС-ийн ЭЗС, ГГС болон ЭМШУИС-ийн нийт 400 орчим  оюутан оролцов.  Энэ үеэр тус хэлэлцүүлгийн зохион байгуулагч, НШУС-ийн Философийн тэнхимийн багш,  “Философийн кино клуб”-ын гишүүн  Б.Мөнхжавхлантай цөөн хором ярилцлаа. 

–         Кино хэлэлцүүлгийн гол зорилго нь юу байв?

–         Философи сонирхдог, энэ чиглэлийн мэргэжилтэй хэсэг хүн сайн дураар нэгдэн  кино клуб байгуулсан. Энэ нь киногоор дамжуулан философийн хичээлийн агуулгыг өргөжүүлэх, оюутнуудын санал сэтгэгдэл, эргэцүүллийг өрнүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг.  Жил бүрийн 11-р сарын 18-ныг дэлхийн философийн өдөр болгон тэмдэглэдэг болоод удаж байгаа. Энэ удаагийн хэлэлцүүлэг ч энэ өдрийн угтах арга хэмжээ болсноороо онцлог юм.

–         Энэ удаагийн гэхээр өмнөх туршлага байгаа байх нь ээ?

–          Тиймээ.  Клуб байгуулсныхаа дараа буюу  өнгөрсөн оны 3-р сарын 7-нд ОУХС, НШУС-ийн оюутнуудын дунд анхны кино хэлэлцүүлгийг зохиож байсан. Тэр үед “Монолизагийн инээмсэглэл” киног сонгож, эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг хөндсөн.

–         Саяны хэлэлцүүлгийн сэдэв нь их онцлог санагдлаа?

–         Манай хоёр дахь кино хэлэлцүүлэг “Цаазаар авах ял” сэдвээр явагдлаа. Яагаад үүнийг сонгосон бэ гэвэл энэ сэдэв нь ёс суртахууны нээлттэй асуудалд тооцогддог. Нэгэн их сэтгэгч  хэрэв философийг багажны хайрцагтай зүйрлэвэл доторх багаж нь ёс зүй, шашин юм гэж хэлсэн байдаг. Ёс зүйн хэрэглээний салбар буюу хавсрага шинжтэй  асуудалд дээрх сэдэв багтдаг. Нөгөө талаар энэ сэдэв нийгэмд анхаарал татсаар байгаа. Цаазаар авах ял байх ёстой гэж хуулийн байгууллага болон зарим хувь хүмүүс үзэж байхад, шашин болон хүний эрхийн төлөөлөл үүний эсрэг байр суурьтай байдаг. Тиймээс энэ асуудал нэгэнт нийгэмд бодит үзэгдэл учраас оюутан залуучууд маань ч гэсэн өөрийн үзэл бодлын үүднээс соргогоор хандаж, эрэгцүүлэл, байр сууриа илэрхийлж сураасай гэдэг үүднээс энэ удаагийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

–         Хэлэлцүүлэхээр үзүүлсэн  кино нь холливүүдэд нэлээд шуугиан тарьсан байх аа. Яагаад үүнийг сонгох болов?

–         “Үхдэл алхаж явна” хэмээх энэ  киноны хэсэг болгон нь л философи санаа өгч байдаг. Хүнд нүгэлээ наминчлах боломж  олгох асуудлыг энэ бүтээл дэвшүүлж тавьсан. Хохирсон хүмүүсийн хойдоход бурхан хэрэгтэй байхад гэмт хэрэгтэнд ч гэсэн хаа нэгтээ энэрэнгүй үйлтсэн  үгүйлэгдэж л байдаг. Хохирогчийн эцэг эх зовлонд унаж байхад хуульчилсан аллагад өртсөн буюу цаазаар авхуулсан хүний ар гэр ч мөн адил гасланд автдаг. Үүнээс үүдээд нөхцөл байдлын дэнслүүр яг адилхан жин дарж байна гэдэгт л киноны гол санаа оршиж байгаа юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар