“ШИНЖЛЭХ УХААН МОНГОЛЫН  ХӨГЖИЛД” уриалга дор “SCIENCE PLAY” хүүхдийн зусланд чиглэсэн өртөөчилсөн хөтөлбөрийг зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залууст шинжлэх ухааны ач холбогдлыг таниулах, байгалийн шинжлэх ухааны хичээлд дурлуулах, шамдан суралцах сонирхол, сэдлийг нэмэгдүүлэх зорилгоор олон нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байгаагийн нэг нь “SCIENCE PLAY CAMP” хөтөлбөр юм.

Энэ удаагийн зуны амралтын хугацаанд “Нарс” олон улсын хүүхдийн зусланд амарч буй хүүхдүүдэд зориулан

  • “Ирээдүйн энтрепренёр” лекц,
  • “Эко бүтээл”- ийн уралдаан,

“Байгалийн шинжлэх ухааныг танин мэдэх өртөөчилсөн аялал” гэсэн агуулгыг багтаасан 180 минутын сургалт- туршилт- бүтээлч сэтгэлгээний хөтөлбөрийг 2025 оны 6 дугаар сарын 20-ний өдрөөс 8 дугаар сарын 10-ний өдрийн хооронд 6 удаа нийт 570 хүүхдийг хамруулан амжилттай зохион байгууллаа.

“Ирээдүйн энтрепренёр” лекц нь хүүхэд, залуучуудын өөртөө итгэх итгэл, шинэ санаачилга, бүтээлч сэтгэлгээгээ хэрхэн хөгжүүлэх, энтрепренёр ур чадварыг эзэмшихийн давуу талууд болон хувь хүний онцлог, ур чадвараа таньж мэдэх аргуудыг

ойлгуулахыг зорисон юм. Хүүхдүүд өөрсдийн мөрөөдлийг хэрхэн бодит болгох талаар ярилцаж, сонирхсон асуултаа чөлөөтэй тавьсан нь лекцийг илүү интерактив болгож байв.

“Эко бүтээл”-ийн уралдаанд оролцсон хүүхдүүд хог хаягдлыг зөв ангилах, дахин боловсруулах, ашиглахын ач холбогдлыг ойлгож, байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлгээгээ бүтээлч байдлаар илэрхийлж, хаягдал материал ашиглан өөрсдийн төсөөллийг бодитоор бүтээсэн нь хөтөлбөрийг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгосон юм.

Бүтээлүүдийг хүүхдүүд өөрсдөө тайлбарлан танилцуулж, Нарс зуслангийн бүлгийн багш нар үнэлж хамгийн бүтээлч, асуудлыг шийдсэн инновац шингэсэн бүтээлийг шалгаруулан бяцхан гарын бэлгээр урамшуулав.

“Шинжлэх ухааны туршилт”-ийг Физик, Хими, Байгаль орчин, Сансар судлал, Инженерчлэл технологи, Биологийн салбарын 6 өртөө бүхий сонирхолтой аяллын хэлбэрээр зохион байгуулсан нь хүүхдүүдийн анхаарал, оролцоог идэвхжүүлж, байгалийн шинжлэх ухааны үндсэн ойлголтуудыг биечлэн турших, нүдээр харж, гараар хүрэх боломжийг бүрдүүлсэн нь онцлогтой байлаа.

Жижиг хэрэглэгдэхүүн, гарын доорх материал ашигласан туршилтууд нь хүүхдүүдийн сониуч занг өдөөж, “яагаад?” гэх асуултаар дүүрэн урам зоригтой өдрүүдийг өнгөрөөлөө.

Ирээдүй болсон хүүхэд залуучуудыг шинжлэх ухаанд дурлуулж, энтрепренёр сэтгэлгээтэй, бүтээлч ирээдүйн инженерүүдийг бэлтгэх үйл явцад хамтран ажилласан Нарс олон улсын хүүхдийн зуслангийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсье.

Ирээдүйн инженерүүдийг бэлтгэхэд бид бэлэн.

Баярлалаа.

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН УЛААНБААТАР ПАРК

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар