МУИС-ийн ректор Б.Очирхуяг БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг хатагтай Коринн Пэрера Да Силваг хүлээн авч уулзлаа.

Ректор анх удаа МУИС-д зочлон ирж буйд элчин сайдад талархлаа илэрхийлээд МУИС нь францын их дээд сургуулиудтай олон жилийн турш идэвхтэй хамтран ажилладаг талаар дурдлаа. Их сургууль нь Франц хэлтэн их дээд сургуулиудын холбооны гишүүнээр элсэж хамтран ажиллаж буйг мөн онцоллоо. Ректор Б.Очирхуяг МУИС-ийн зүгээс францын хэл соёлыг сурталчлан ажиллахаас гадна эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг идэвхтэй өргөжүүлэн ажиллаж байгалийн ухаан, биологи, физик, математик гэх мэт чиглэл бүрийн профессор хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх замаар ажиллах нь үр дүнтэй байх талаар саналаа илэрхийлэв.

Элчин сайд ректорын саналыг бүрэн хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлээд МУИС-ийн Хууль зүйн сургууль нь Франц улсын Парис Пантеон-Ассас их сургууль болон Тулузын их сургуультай санамж бичиг байгуулан идэвхтэй бөгөөд харилцан үр дүнтэй хамтран ажиллаж буй сайн жишээг дурдлаа. Түүнчлэн тэрээр 2026 онд манай улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулагдах гэж буйтай холбоотой тухайн салбар чиглэлийн эрэлт хэрэгцээтэй мэргэжилтэн бэлдэх тал дээр хамтарч ажиллахад бэлэн буйгаа уламжиллаа.
Талууд МУИС-ийн “Байгаль эх” лицей сургууль болон Францын “Мишлэ” лицей сургууль хооронд байгуулсан гэрээг хэрэгжүүлэх тал дээр идэвхийлэн хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм.
Ректор Б.Очирхуяг зөвхөн МУИС дээр Цөмийн судалгааны хүрээлэн ажиллаж эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг идэвхтэй хэрэгжүүлдэг талаар онцлоод энэхүү чиглэлээр францын их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллахад бэлэн буйгаа хэллээ.

Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар элчин сайдыг хүрэлцэн ирж хамтын ажиллагааны санал солилцож буйд нь талархлаа илэрхийлээд олон талбаруудад, тухайлбал хөдөө аж ахуй, эрчим хүч, хиймэл дагуул, археологи, антропологи, биологийн олон янз байдлын чиглэлээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдэд МУИС-ийн эрдэмтэд зөвлөхөөр ажиллаж, судалгаанд суурилсан үр дүнд хүрэхэд хамтран ажиллахад бүрэн нээлттэй гэдгээ илэрхийлж, Францын эрдэм шинжилгээний байгууллагуудаас гадна хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллаж түншлэлийг олон чиглэлүүдээр хөгжүүлэх боломж бий талаар онцоллоо.

Элчин сайд олон талт хамтын ажиллагааны санал дэвшүүлж буйд МУИС-ийн удирдлагын хамт олонд талархлаа илэрхийлээд ЭСЯ дээр ажил хэрэгч өглөөний цай уулзалтыг зохион байгуулах боломжтойг хэлсэн юм.
МУИС-ийн ректор Б.Очирхуяг хариу талархлаа илэрхийлээд гадаад улсаас Монгол улсад суугаа элчин сайд нарыг МУИС-д урьж лекц уншуулдаг уламжлал ёсоор Элчин сайд эрхэмсэг хатагтай Коринн Пэрера Да Силваг МУИС-ийн эрдмийн өргөөнд хүрэлцэн ирж сонирхолтой сэдвээр эрдэмтэн багш, оюутнуудад лекц уншихыг урилаа.

Элчин сайд урилгыг талархан хүлээн аваад цаашдын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.
Уулзалтад Францын талаас ЭСЯ-ны тэргүүн зөвлөх Ален Пэрриэр, Соёл, хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Т.Төрням, сайдын туслах Ж. Насанжаргал МУИС-ийн зүгээс Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар, Европ судлалын тэнхимийн профессор, АЮФ төвийн захирал Б.Алтангул, Европ судлалын тэнхимийн эрхлэгч Н.Мөнх, Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газрын дарга С.Булгантамир болон Хамтын ажиллагааны газрын дарга Ш. Мэндбаяр нар байлцлаа.

Уулзалтын дараа Элчин сайд Коринн Пэрера Да Силва МУИС-ийн Франкофон хамтын ажиллагааны төв АЮФ дээр зочилж үйл ажиллагаатай нь танилцсан юм.

МУИС болон Францын их дээд сургуулиудын хамтын ажиллагаа
- 1963-1964 оны хичээлийн жилд Монголд анх франц хэлт боловсон хүчнийг бэлтгэж эхэлснээс хойш 600 гаруй франц хэлний мэргэжилтэн төгсгөжээ. Үүний зэрэгцээ франц хэлний сонгон хичээл, ерөнхий суурийн хэлний хичээл, оройн курс зэрэгт франц хэл тогтмол зааж франц хэлний мэдлэгтэй мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж ирсэн туршлагатай.
- Монгол, Францын Соёлын гэрээний хүрээнд МУИС-д зочин багш ажиллуулдаг мөн БНФУ-ын Дорно дахины хэл шинжлэлийн үндэсний институт-д Монгол хэлний зочин багш ажиллаж байна.
- МУИС Франц улсын 9 их, дээд сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй.
- МУИС-ийн франц хэлний багш нар Франц хэлний монгол багш нарын холбооны гишүүд бөгөөд уг холбоо нь үндсэндээ МУИС дээр төвлөрч үйл ажиллагаа явуулдаг. МУИС-ийн профессор Б. Алтангүл Франц хэлний багш нарын холбооны Ази-Номхон далайн бүс нутгийн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
- МУИС нь Франц хэлтэн их, дээд сургуулиудын холбооны гишүүн. Уг холбоонд 100 гаруй улсын 1000 гаран байгууллага ордог бөгөөд эдгээрийн 950 орчим нь дээд боловсролын байгууллага юм. МУИС болон тус байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд МУИС-д АЮФ-ийн төвийг нээн амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.
- Европ судлалын тэнхим дээр одоогийн байдлаар Орон судлал (Франц), Гадаад хэлний орчуулга (Франц) гэсэн мэргэжлээр бакалавр, магистр, докторын сургалт явуулж байгаа. Одоогийн байдлаар бакалаврын түвшинд 94 оюутан, магистрт 5, докторантурт-3 оюутан суралцаж байна.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

