Михаел Вальтер: Экологийн боловсролын төвд сурагчдад зориулж усны лаборатори байгуулна

Share Button

  Ус-чандмань эрдэнэ гэдэг. Энэ утгаараа сүүлийн жилүүдэд усаа хайрлах, хамгаалах тухай асуудал чухлаар тавигдаж байгаа. Тэгвэл энэ удаагийн ярилцлагын зочноороо ХБНГУ-ын Боловсрол, судалгааны яамны санхүүжилтээр хэрэгжиж байгаа МоМо-2 төслийн “МоМо-Нөөц чадавхийн хөгжил” дэд төслийн орон нутаг дахь зохицуулагч, профессор Михаел Вальтерыг урилаа.  Түүний гардан хэрэгжүүлж буй төсөл Монгол оронд усны тулгамдсан асуудлыг шийдэхэд чухал нөлөө үзүүлэх нь лавтай юм.

- N үсэг нь Германы боловсролын яамнаас гаргасан нэг урианы лого юм. Тогтвортой хөгжлийн судалгаа гэсэн урианы ТОГТВОРТОЙ (NACHHALTIG буюу SUSTAINABLE) гэсэн үгийн төлөөлөл юм.

 –          Сайхан намаржиж байна уу. Монгол ёсоор  мэндэлсний учир нь та манай оронд суурьшаад хэдэнтээ намрыг угтсан болохоор тэр юм?

–          Баярлалаа. Монголд ажиллаж амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Би 1994 онд Монголд анх ирж байлаа. Түүнээс хойш ажлын шугамаар  ирж очин  явсаар 2001 онд нэг мөсөн нүүж ирсэн. Тиймээс Монгол оронд суурьшаад 10 жил болжээ.

–          Намар нь налгар, урт байхыг өвөлдөө хатуухан болохын шинж гэж манай хуучны хүмүүс ярьдаг юм. Энэ өвөл хэр хүйтрэх бол?

–          Би ч гэсэн үүнтэй санал нийлж байна. Учир нь олон жилийн ерөнхий төрх байдлаас харахад ч тийм л байсан. Энэ жилийн онцлог нь зундаа Улаанбаатарт гэхэд 340 миллметр хур тунадас орлоо. Өмнөх жилүүдээ бодвол харьцангуй чийг сайтай байсан учраас өвс ногоо ч сайхан ургасан. Тэгэхээр мал сүрэг тарга тэвээргээ бүрэн авсан болохоор өвөл нь ажрахгүй байх аа.

–          Монголын  хүйтэн ширүүн уур амьсгалд дасаж байна уу. Хөдөө орон нутагт ажлаар бишгүй л явдаг байх?

–          Монголд зун маш халуун , өвөл их хүйтэн. Уур амьсгалын хувьд үнэхээр эрс тэс. Гэхдээ өвөл чийглэг, жиндүү байснаас хуурай нь илүү тааламжтай санагддаг. Тиймээс  орчиндоо хурдан дасан зохицсоон.

–          Таны үндсэн мэргэжил юу билээ?

–          Би Германы Чөлөөт их сургуульд газарзүйч мэргэжил эзэмшиж, тэндээ эрдмийн зэрэг хамгаалсан. Монголд 2001 оноос хойш амьдрахдаа МУИС-ийн ГГС-д Германы эрдмийн солилцооны албаны төлөөлөгч, зочин багшаар 8 жил ажилласан. Мөн одоогийн албыг эрхлэх хүртлээ БОЯ-ны сайдын зөвлөхийг хоёр жил хийлээ.  

МоМо төслийн дэргэдэх байгаль орчинд ээлтэй Дархан хотын 19-р сургуулийн 8-р ангийн сурагчдыг Эрдэнэт хотын Уулын баяжуулах үйлдвэртэй танилцах аялалд хамруулав. 2011 оны 5-р сар.

–          Ингэхэд  МоМо гэсэн товчилсон нэрний утга нь юу вэ?

–          МоМо гэдэг нь Modelregion Mongolia ба орчуулбал Загвар бүс нутаг Монгол гэсэн утгатай. Усны энэ хөтөлбөр нь Германы Боловсрол, Судалгааны яамны дэмжлэгтэйгээр дэлхийн олон оронд хэрэгжиж байгаагийн нэг нь Монгол юм. Энэ нь шинээр худаг, цооног гаргах асуудал биш. Харин одоо байгаа усныхаа нөөцийг хэрхэн үр дүнтэй, зүй зохистой ашиглах боломжтой вэ гэдэг арга замыг  олон нийтэд ойлгуулах зорилготой. МоМо төсөл Усны газар,  МУИС,  ШУТИС, Дарханы Технологийн сургууль, тус орон нутгийн  УСАГ гэх мэт олон байгууллага, газартай хамтран ажиллаж байна. Усны нөөцийн нэгдсэн менежмент гэсэн багц ойлголтонд нөөц чадавхийн хөгжил ч бас хамаарна. Энэ нь хүмүүсийг тархийг мэдлэгжүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл  дунд сургуулиудын багш нарт нь сургалт зохиож, тэдэнд тодорхой ойлголт өгснөөр эргээд  сурагчид  нь  устай яаж зөв харьцах, хэрхэн ариг гамтай хэрэглэх тухай мэдлэгтэй болох юм. Ийм арга замаар нийт хүмүүст зөв ухамсар хандлагыг төлөвшүүлэх нь усны менежмент хийх гол арга. Монгол орон эрс тэс уур амьсгалтайн дээр хур тунадас бага ордог учраас  усны нөөцтэйгээ маш болгоомжтой, ариг гамтай харьцах ёстой.Нөгөө талаас хаягдал усыг эргэн болосвруулах асуудалд анхаарлаа хандуулах шаардлага тулгарч байна.

МУИС-ийн Экологийн боловсролын төвтэй хамтран Олон улсын "Найрамдал" төв дээр Эко аялал зохион байгуулав.

 

–          МоМо төслийн эхний үе шат хэрэгжээд 2009 онд дууссан. Үүний үр дүнг та хэрхэн үнэлж байна?

–          Миний  хувьд төсөл анх хэрэгжиж эхлэх үеэс нь мэдэх юм. Энэ хэсэгт судалгаанд чиглэсэн эрдэм шинжилгээний ажил голлон хийгдсэн. Төслийн гол объект нь Хараа голын сав газар юм. Энэ сав газарт хаана нь усны хэрэглээ өндөр байна, аль хэсэгт нь асуудал үүссэн байна гэдгийг олж тогтоосон. Ер нь устай холбоотой тулгамдаж байгаа гол асуудал, бэрхшээл нь юу вэ гэдгийг эхний үе шатанд тодорхойлсноороо төсөл цаашид хэрхэн хэрэгжих арга замыг нээсэн гэж болно. Үүгээрээ үр дүнтэй болсон.

–          Өнгөрөгч оны 12-р сард төслийн хоёр дахь  үе шатыг эхлүүлэх санамж бичгийг үзэглэсэн. Түүнээс хойш бүтэн жил тойрох гэж байна. Тиймээс одоо хийгдэж байгаа ажлуудаасаа танилцуулахгүй юу?

ХБНГУ-ын Берлин хотын Экологийн төвийн захирал ноён Райнер Грубе урилгаар ирж байгалийн ухааны багш нарт сургалт зохион байгууллаа. Зураг дээр: Хараа гол. 2011 оны 9-р сар.

–          Дээрх олж тогтоосон бэрхшээлийг хэрхэн яаж даван туулах стратегийг боловсруулснаар төслийн хоёр дахь үе шат эхэлсэн. Энэ хүрээнд тодорхой ажлууд хийгдэж байна. Тухайлбал, Орхон суманд ус цэвэршүүлэх загвар байгууламжийг төслийн санхүүжилтээр барьж суурилуулсан. Мөн Дарханы Технологийн сургуульд ургамлаар цэвэршүүлэх байгууламж барьж ашиглалтанд оруулаад байна. Дараагийн  томоохон ажил гэвэл тус орон нутгийн  7-р багийн гэр хорооллын айлуудад боловсон ариун цэврийн газрыг байгуулж өглөө. Үүнтэй хамтад нь бохир зайлуулах асуудлыг шийдэх боломжийг судалж байна.

–          МоМо төсөл  манайд нутагшаад багагүй хугацаа өнгөрчээ. Тиймээс Монгол орны усан санг судалж үзэв үү. Онцлог тал нь юу вэ?

–          Судалгаа болон бусад тоо баримтаас харахад Монголд усны нөөц багасаад байгааг хэлдэг. Энэ байдлаараа үргэлжлээд байвал ундны усны хомсдолд орж болзошгүй гэсэн  урдчилсан мэдээ ч бий.  Харин МУ-ын Байгаль орчны яам Улаанбаатарт ундны усны шинэ эх үүсгэвэрийг бий болгохоор ажиллаж байгаа нь сайшаалтай. Нөөц чадавхийн хөгжил дэд төслийн хувьд  олон нийт, ард иргэдэд усыг  хэрхэн зүй зохистой ашиглах ухамсрыг нь төлөвшүүлж өгөх зорилготой. Дээхнэ үеийн монголчууд  голын усанд хир буртгаа угаадаггүй,  булгийн эхийг бохирдуулдаггүй сайхан уламжлал, бичигдээгүй хуультай байжээ. Энэ сайхан дадал хэвшлийг өнөөгийн иргэдийн ухамсарт суулгаж өгмөөр байна. Гэр бүл бүхэн  хүүхдэдээ багаас нь усны үнэ цэнийг ойлгуулж, хэрхэн гамнаж болох тухай зааж сургах хэрэгтэй.

Багш нар сээр нуруугүйтэн амьтдаар усны чанарыг тодорхойлов.

–          Усны мониторингийн систем гэдэг ойлголтыг энгийнээр тайлбарлаж өгөхгүй юу? Энэ нь  төслийн бас нэг зорилт шүү дээ?

–          Энэ нь усны чанарыг судална гэсэн үг. Дээр ярьсанчлан  нэгдүгээр үед хийгдсэн судалгаа шинжилгээний ажлууд юм.  Энэ ажилд эрдэмтэн судлаачид яг газар дээр нь очиж гараараа дээж авч шинжилж усны чанар ямар байна гэдгийг тогтоосон. Харин хоёр дахь үе шатанд профессор Д. Борхардтаар удирдуулсан ажлын хэсэг усны чанарыг тодорхойлдог хэмжилтийн гурван станцыг Хараа голд байрлуулсан байгаа. Энэ станцын мэдээллийг орон зайн байрлал хамаарахгүй гар утсаараа авах боломжтой. Нэг ёсны  автоматаар харуул хийж байгаа байгаль орчны цагдаа гэж ойлгож болно. 

–          Манайхан ундандаа хамгийн цэвэр ус хэрэглэж ирсэн гэж саяхныг хүртэл ойлгож ирсэн. Гэтэл бас учир дутагдалтай болох нь судалгаагаар батлагдаж байгаа?

–          Нутаг дэвсгэр бүрт харилцан адилгүй. Жишээ нь Хараа голын сав орчимд Түнхэлээс нааших урсгал  хэрэглээнд тохирохгүй байна. Тэндхийн ард иргэд  худгаасаа ус авах нь аюулгүй. Мөн Баруунхараа, Зүүнхараа орчим бас эрүүл мэндийн хувьд таарамжгүй үзүүлэлттэй байгаа. Гэхдээ  хүнд нөхцөлтэй зарим нэг орнуудтай харьцуулахад монголчуудын  ундны ус нь харьцангуй цэвэр гэсэн үзүүлэлт гарсан ч тайвширч болохгүй юм. 

–          Гол мөрний бохирдлын гол шалтгаан нь юу вэ?

–          Судалгаанаас үзэхэд Хараа голын хувьд уул уурхай бохирдлын нэг гол шалтгаан болж байгаагаас гадна хөдөө аж ахуйн үйл ажиллагаа ч бас багагүй нөлөөтэй. Мөн томоохон суурин газрын хог хаягдал байна. Тухайлбал Дархан, Баруунхараа, Зүүнхараагийн цэвэршүүлэх байгууламжийн шүүх чадвар нь дөнгөж  20-30 хувьтай л  байна.

–          Төсөл хэрэгжүүлэх явцад хүндрэл бэрхшээл гарч байна уу?

–          Төслийг хэрэгжүүлэхэд ямар нэг хүндрэл гарахгүй байгаа нь хамгийн сайн хэрэг. Тиймээс төсөл амжилттай хэрэгжиж байна. Иймд Монголын төр засаг, хамтрагч байгууллагууд болон энд ирж ажиллаж байгаа төслийн багийнхандаа талархаж байна.

–          Германы засгийн газраас энэхүү төсөл хөтөлбөрийн хүрээнд багагүй хөрөнгө оруулалт хийгдсэн. Үүний  үр дүн хэзээ гарах бол?

–          Цэвэршүүлэх байгууламжаас ус цэвэршээд гарч байгаа нь шууд харж болох үр дүн юм. Гэхдээ энд зөвхөн цэвэршүүлэх байгууламж барьснаар нь хөрөнгө оруулалтыг дүгнэх биш хүмүүсийн тархинд өгч байгаа мэдлэг мэдээллийн үнэ цэнээр хэмжих  хэрэгтэй. Оюутан сурагчид, багш нарт зориулж сургалтууд,  яам тамгын газрын ажилтнуудыг хамруулсан судалгааны аялал зохиож байна. Эдгээр нь нүдээр харж, гараар барих боломжгүй ч оюуны хөрөнгө оруулалт юм.

Дархан хотын 4-р сургууль дээр. 2011 оны 9-р сар.

–          Хоёр дахь үе шат хэрэгжээд дуусахад төслөөс та ямар үр дүнг хүлээж байна вэ?

–          Төсөл анх хэрэгжихээс өмнө гол зорилгуудаа тодорхойлсон байгаа. Тиймээс бүгд санаснаар биелэнэ гэж өөдрөгөөр харж байна. Заримаас нь дурдвал цэвэршүүлэх байгууламжууд бүрэн хэмжээгээр ашиглалтанд орж, органик бодисоор ажилладаг  биогаз байгууламжийг барьж байгуулсан байх болно. Түүнчлэн гол мөрний бохирдлыг судлан шинжилж, үүгээрээ мэдээллийн сан байгуулах, Хараа голын сав газрын болон Улаанбаатарын нийт 10 сургуулийг хамарсан байгалийн ухааны хичээлүүдээрээ холбогдсон сүлжээ бий болгосон байна. Мөн  МУИС-ийн Экологийн боловсролын төвтэй хамтын ажиллагааны хүрээнд  сурагчдад зориулсан усны лаборатори байгуулна. Манай зүгээс шаардагдах багаж тоног төхөөрөмжүүдийг бэлдсэн байгаа. Тиймээс сургуулийн захиргаанаас удахгүй үүнд тохирох нэг өрөө гаргаж өгөх байх гэж найдаж байна.  Экологийн боловсролын төвийн энэ байшинг хүрээлэн буй орчны тулгамдсан асуудлыг сонирхдог, ойлгодог, шийдвэрлэдэг ийм хүмүүсийн ирэх дуртай газар нь болоосой гэж бодож байна.  Тийм ч учраас бид ЭБТ-ийн хамт олныг дэмжиж ажиллахыг зорьдог юм. Тухайлбал, өнгөрсөн зун Хойд, Өмнөд солонгосчуудыг урьж хүрээлэн буй орчин, тэр дундаа ойн асуудлыг хөндсөн олон улсын бага хурал зохион байгууллаа. Мөн Германы Эрдмийн Солилцооны албанаас тэтгэлэг авч, өнгөрөгч  8-р сард тус төвийн ажилтнуудыг Герман улсад судалгааны аялалд хамрууллаа.

–          Ярилцлагыг таны үгээр  төгсгөмөөр байна?

–          МУИС-тай хамтран ажилладагтаа манай баг болон миний хувьд их таатай байдаг. Би амьдралаа хоёр их сургуультай холбосон хүн.  Нэг нь миний төрөлх сургууль болох Германы Чөлөөт их сургууль, нөгөө нь одоо хамтран ажиллаж байгаа Монгол улсын их сургууль юм. Цаашид бидний хамтын ажиллагаа улам өргөн хүрээнд идэвхжинэ гэдэгт итгэлтэй байна.

–        Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар