МУИС-ийн номын сангийн хамт олон ОХУ-ын Улан-Үд хотын Буриадын үндэсний номын сан, ШУА-ийн төв номын сан болон Үндэсний нийтийн номын сангуудаар орж үйл ажиллагаатай нь танилцаж туршлага солилцох ажлын айлчлал хийлээ.
Манай номын сангийн ажилтнууд бид эхний өдөр эдгээр номын сангуудаар орж номын сангийн үйл ажиллагаатай танилцав. Хоёр дахь өдөр нь Буриадын их сургуулийн номын санд “Орчин үеийн номын сангийн үйлчилгээ”, Үндэсний нийтийн номын санд “Ном бүрдүүлэлт” “Интернетэд суурилсан лавлагаа мэдээлэл”, ШУА-ийн төв номын санд “Е- номын сангийн суурь, хөгжлийн явц” гэсэн сэдвүүдээр ярилцлага хийж, харилцан санал солилцов. Дараагийн өдөр нь арга зүй үйлчилгээний алба, мэдээлэл технологийн алба, ном ангилан бүрдүүлэн ажиллах алба, каталог мэдээлэл номзүйн алба гэсэн 4 группд хуваагдан нарийн мэргэжлийн дадлагажих сургалтанд хамрагдав.
ОХУ-ын Улан-Үд хотын Буриадын үндэсний номын сан, Их сургуулийн номын сан, ШУА-ийн төв номын сан нь үйл ажиллагаандаа номын сангийн ИРБИС программ, RFID технологийг бүрэн нэвтрүүлсэн бөгөөд ном олголт, буцаалт, тооллого гэх мэт бүх үйл ажиллагаа нь бүрэн автоматжсан байна.
Буриадын их сургуулийн номын сан нь 4 давхар номын сангийн байртай, 60 номын сангийн ажилтан ажилладаг, 1200000 гаруй номын фондтой, чөлөөт сонголттой төрөлжсөн уншлагын танхимуудтай, номзүй, ном бүрдүүлэн ажиллах тасаг, мэдээлэл технологийн тасгуудтай. Уг номын сан нь RFID технологийг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлэн бүх үйл ажиллагаагаа автоматжуулсан байна.
Номын сангийн орчин нь уншигчдын ая тухыг бүрэн хангасан, давхар бүртээ төрөлжүүлсэн номын үзэсгэлэнтэй, төрөл бүрийн өдөрлөг, үйл ажиллагаа зохион байгуулах талбайтай, номын сангийн үйлчилгээ, бүтэц зохион байгуулалт, каталогжуулалтыг үзэх мэдрэгчтэй дэлгэцтэй, орчин үеийн RFID технологиор бүрэн тоноглогдсон, бүх үйл ажиллагаа нь автоматжсан чөлөөт сонголттой уншлагын танхим, номын фондуудтай. Уншигч өөрөөөөртөө үйлчлэх номоо чөлөөтэй сонгон авч, автомат төхөөрөмж дээр авсан номоо уншуулаад гэрээр авч явах боломжтой. Гэрээр авсан номоо уншигч өөрөө буцаах буцаалтын төхөөрөмжийг байрлуулсанаар уншигч номын санчийг хүлээж цаг алдахгүйгээр өөрөө номоо буцаах боломжтой. Уг төхөөрөмж нь номыг автоматаар ангилаад, ном ариутгах төхөөрөмжөөр ариутгасны дараа номын тусгай лифтээр уншлагын танхимуудад нь хүргэдэг.
Уншигчын ая тухтай байдлыг хангах үүднээс 10-н хүний суудалтай бүрэн тохижуулсан тусгай өрөөтэй. Энэ өрөөнд уншигч чихэвч хэрэглэхгүйгээр, орчны чимээнд нөлөөлөхгүйгээр, мэдрэмжтэй дэлгэцний ард сууж аудио хэлбэрээр материалаа үзээд сонсох боломжтой зэрэг олон шинэ технологи нэвтрүүлсэн байна.
Ном буцаалтын автомат төхөөрөмж
/Гэрээр олгосон номыг уншигч өөрөө буцааж болох бөгөөд ном буцаалтын төхөөрөмж автоматаар заал заалаар нь ангилна/
Ном ариутгах төхөөрөмж
/Гэрээр олгосон номыг буцаан авахдаа ном ариутгах төхөөрөмжөөр ариутган цэвэрлэнэ/
Ном автоматаар тоолох төхөөрөмж
/RFID технологи дээр үндэслэгдсэн ном тоолох төхөөрөмжийг номын тавиур дээрх номонд ойртуулан тооллогыг гүйцэтгэнэ /
Ном олгох автомат төхөөрөмж
/Номын санчийн оролцоогүйгээр уншигч өөрөө өөртөө үйлчлэх боломж бүхий ном олголтын төхөөрөмж. Уншигчийн картаа уншуулаад авсан номоо төхөөрөмжийн тавцан дээр тавихад дэлгэцэн дээр тухайн номнуудын мэдээлэл гарч ирэх ба буцаах хугацааг харуулсан мэдээлэл бүхий тасалбар хэвлэгдэн гарч ирнэ/
МУИС-ийн номын санч нар ажлын айлчлал хийхдээ холбогдуулан Буриадын их сургуулийн номын сан монгол улстай холбоотой эртний гар бичмэл болон ховор номын үзэсгэлэн гаргаж танилцуулав
Буриадын их сургуулийн номын сан болон МУИС-ийн номын сангийн хамт олон туршлага солилцсон семинарын дараа номын сангийн хамт олон дурсгалын зураг татуулав
Буриадын үндэсний нийтийн номын сан нь дүүргийн сургуулийн байранд 1881 онд анхныхаа суурийг тавьжээ. Энэ номын сан нь орон нутгийн түүхийн баримт бичгийг бүрэн цуглуулж, фондоо баяжуулах, буриад хэл дээрх баримт бичиг, орон нутгийн түүхийн сэдвийн мэдээллийг хадгалж, цуглуулах гэсэн үндсэн үүрэгтэй. Тус номын сан 1,5 сая гаруй ном, хэвлэлтэй ба 17-18-р зууны үеийн ховор үнэтэй номны цуглуулгатай. Захиргаа, санхүүгийн алба, ном ангилан бүрдүүлэн ажиллах тасаг, арга зүйн тасаг, мэдээлэл технологийн алба, орон нутаг судлал ба номзүйн тасаг, үйлчилгээний тасаг, номын фонд, ерөнхийлөгчийн нэрэмжит цахим уншлагын танхим, чөлөөт сонголттой уншлагын танхим, ховор номын фонд гэсэн бүтэцтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Орон нутгийн нийтийн номын сангуудыг арга зүй, мэргэжлийн талаас нь удирддаг.
МУИС-ийн номын сангийн хамт олны зүгээс дурсгалын зүйл гардуулав
Цахим уншлагын танхим
Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан цаасан номыг компьютерт хөрвүүлэн унших төхөөрөмж болон аудио хуурцаг унших төхөөрөмж
Номын фондноос уншлагын заал руу зөөвөрлөх цахилгаан лифт
Цаасан болон электрон каталогийг хослуулан ашиглаж байна
Буриадын ШУА-ийн төв номын сан 1958 онд байгуулагдсан, Буриадын ШУА-ийн төв номын сан нь Шинжлэх ухааны төвийн тэргүүлэх нэгжийн нэг бөгөөд, номын сангийн гол зорилго нь эрдэм шинжилгээний ажилтан нарт цаг тухайд нь ном зүйн мэдээлэл, үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэх юм. Энэ номын сан нь эрдэм шинжилгээ судалгааны үндсэн фонд, ховор ном, гадаад ном, монгол ном, сонин сэтгүүлийн фондтой, 263 000 номтой, нийт 8 ажилтантай. Өөрийн харьяа шинжлэх ухааны академийн ажилтнуудад чөлөөтэй үйлчлэх ба харин бусад уншигчдад төлбөртэйгээр үйлчилдэг байна.
МУИС-ийн номын сангийн хамт олон дурсгалын зүйл гардуулав