Сүүлийн жилүүдэд улс орны эдийн засгийн хямралтай холбоотой орлогоо өсгөх зорилгоор, алт болон бусад эрдэс баялгийн олборлолт, ашиглалтыг нэмэгдүүлэх, ард иргэд амьдралын эх үүсвэр болгох шалтгаанаар байгалийн нөхцөл, нөөцийн ашиглалт хамгаалалтанд онцгой анхаарал тавих шаардлага гарч байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын өсөлт, түүнээс улбаалсан байгалийн нөөцийн хомсдол, доройтол нь дэлхий нийтийг түгшээсэн асуудал болоод байна.
Манай оронд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, бэлчээрийн доройтол эрчимжих, цаг агаарын гаралтай байгалийн аюулт үзэгдлийн давтамж, эрчим нэмэгдсэний улмаас улс орны нийгэм, эдийн засагт учруулах хор хөнөөл ихсэх, ой, хээрийн түймрийн гаралт, ургамлын хөнөөлт шавжны тархац, тоо хэмжээ нэмэгдэх, Улаанбаатар хот болон бусад томоохон хот суурин газрын орчны бохирдол ихсэх, уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын хэмжээ өсөх, амьтан, ургамлын тархац нутаг хумигдан нөөц хомсдох зэрэг хандлага улам бүр тод ажиглагдаж байна.
Эдгээрт эрдэмтэд судлаачдын анхаарлыг хандуулж, алс хэтийн ирээдүйг харсан шинэлэх ухааны үндэслэлтэй бодлого боловсруулан хэрэгжүүлэх зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам нь 2015 оны 9 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэн, МУИС, МУБИС-тай хамтран “Нийгэм эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2015 оны “Байгаль орчны төлөв байдлын 2013-2014 оны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 05 дугаар тогтоолын 7 дугаар заалтыг хэрэгжүүлэх, байгаль орчны төлөв байдлын өөрчлөлтийг сүүлийн 30 жилийн динамик өөрчлөлтийн судалгаа, шинжилгээний үр дүнд нарийвчлан судалж, зүй тогтол цаашид авах арга хэмжээний талаар дүгнэлт бэлтгэж танилцуулах ажлын бэлтгэл ажил болгон зохион байгуулав.
Хуралд ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНСУ, АНУ, Австрали зэрэг 6 орны 30 гаруй, Монгол улсыг төлөөлж ШУА-ын хүрээлэнгийн эрдэмтэд, МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, зарим олон улсын байгууллагын төслийн мэргэжилтэн зэрэг 100 гаруй, нийт 150 гаруй судлаач, эрдэмтэд, төрийн ажилтнууд идэвхтэй оролцож, нийт 91 илтгэл өгүүлэл, 6 абстракт, 9 мэдээлэл бүхий материал ирүүлснээс 56 илтгэлийг 2 салбар хуралдаанаар сонсож хэлэлцүүлэн, Монгол орны нийгэм эдийн засгийн хөгжилд байгалийн нөхцөл, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан үзэх талаар шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэлт дүгнэлт өгөх, шийдвэрийн төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн чухал ач холбогдолтой хурал боллоо.
БОНХАЖ-ийн сайдын 2015 оны 07 сарын 29-ны өдрийн А-296 тоот “Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах тухай” тушаал, Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 09 сарын 07-ны өдрийн А-252 тоот “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар тус тус баталгаажуулан, хурал зохион байгуулах ажлын төлөвлөгөөг гарган гүйцэтгэлийг хангалттай биелүүлж ажилласан бөгөөд тус хуралд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ ба ЗГ-ын зарим гишүүд, дэд сайд, Яамны удирдлагууд, мэргэжилтнүүд, МУИС, МУБИС, ХААИС, ШУТИС, ШУА-ын Газарзүй-геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид зэрэг томоохон бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо.
Хуралд УИХ-ын БОХХААБХ-ны дарга Су.Батболд, УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ, БОНХАЖЯ-ны дэд сайд М.Хүрэлсүх, газар, хэлтсийн дарга нар зэрэг төрийн бодлого тодорхойлж, шийдвэрлэдэг эрх бүхий хүмүүс оролцов.
УИХ-ын БОХХААБХ-ны дарга Су.Батболд олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ “Дэлхий нийтээрээ хувиран өөрчлөгдөж байгаа байгалийн нөхцөл, хүн төрөлхтөний байгальд үзүүлж байгаа сөрөг нөлөөг ганц нэг орон шийдвэрлэж чадахгүй нь ойлгомжтой. Аль болох олон орнууд хамтын хүчээ нэгтгэн, нэгэн санаа зорилготой ажиллах нь чухал. Үүнд шинжлэх ухааны онол аргазүйд тулгуурласан судлаач эрдэмтдийн санал, зөвлөмж, тэргүүн туршлага, илүү үр дүнтэй арга барил ихээхэн шаардлагатай болохыг онцлон тэмдэглээд, УИХ-аар 2 жил тутам хэлэлцүүлдэг “Байгаль орчны төлөв байдлын тайлан хэлэлцүүлэхээс өмнө энэ хурлаа уялдуулан зохион байгуулж, эрдэмтдийнхээ санал бодлыг сонсож байх нь зүйтэй гэсэн зөвлөмж өгөв.
Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний бага хурлаар хэлэлцэгдсэн өгүүлэл, илтгэл, материалыг эмхэтгэн ном болгон хэвлүүлж, нийтийн хүртээл болгосон байна. “Монголын байгаль” сэдэвт гэрэл зургийн уралдааныг зарлан урамшуулж, үзэсгэлэн гаргасан бөгөөд хурлын зочид төлөөлөлчдийг Монгол орны байгалийн үзэсгэлэнт газраар аялуулах, сурталчлан таниулах ажлын хүрээнд “Аглаг бүтээлийн хийд”-ийн 1 өдрийн аяллаар байгалийн үзэсгэлэнт газар аялал зохион байгуулах, монгол ахуйтай танилцуулах зэрэг ажлыг зохион байгуулснаас гадна хурлын тухай 10 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулах, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг ажлыг амжилттай зохион байгууллаа.
Хуралд оролцсон эрдэмтэд энэхүү хурлыг өндөр хэмжээнд зохион байгуулж, төр засгийн удирдлагууд ихээхэн ач холбогдол өгч оролцон, төрийн бодлогод эрдэмтдийн санал бодол, зөвлөмжийг тусгахаар болж байгаад талархлаа илэрхийлж, цаашид энэ хурлыг уламжлал болгон 2 жил тутамд зохион байгуулах, тодорхой асуудлуудаар олон улсын хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэн, үр дүнг УИХ-д мэдээлэн, Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайланд тусгаж байх нь зүйтэй гэж үзэв.