Монгол улсын Рамсарын болон нүүдлийн замын сүлжээний менежерүүдэд зориулсан ажлын уулзалт, сургалтыг Рамсарын бүс нутгийн төв – Зүүн Ази, Монголын Шувуу Судлалын Нийгэмлэг, Монгол Улсын Их Сургууль, Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Яам, БНСУ-ын Гёнгнам дүүрэг, Зүүн Өмнөд Ази, Австрали-Азийн нүүдлийн замын сүлжээ, Рамсарын Конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газар, Дэлхийн Байгаль Хамгаалах Сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар болон Шинжлэх Ухааны Академи хамтран 2015 оны 10 сарын 05-09-нд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулав. Энэхүү сургалт нь Монгол орны Рамсарын конвенцид болон Зүүн Өмнөд Ази, Австрали-Азийн нүүдлийн замын сүлжээнд бүртгэгдсэн газар нутгийн менежмент болон тулгарч буй бэрхшээлүүдийг хэлэлцэв. Үйл ажиллагаанд Рамсарт бүртгэлтэй 11 газар, Олон улсын сүлжээнд бүртгэлтэй 6 газар болон бусад ус намгархаг газрыг хариуцан ажилладаг нийт 40 гаруй мэргэжилтэн, гадаадын 10 орчим зочид төлөөлөгчид оролцлоо. Энэхүү ажлын анхны уулзалт, сургалтыг зохион байгуулах санаачилга, удирдах ажлыг Рамсарын конвенцийн Шинжлэх ухаан, техникийн хяналтын ажлын хэсгийн үндэсний төлөөлөгч, Биологийн тэнхимийн багш проф. С Гомбобаатар, түүний баг амжилттай гүйцэтгэсэн ба цаашид ус намгархаг, усны шувуудын үндэсний сүлжээг үүсгэн байгуулахаар зорин ажиллаж байна. Олон улсын нэр хүндтэй Рамсарын конвенцийн хүрээнд цаашид хамтран ажиллах сонирхолтой баг, хамт олон, хувь хүнийг урьж байна. Холбоо барих хаяг: gomboo@num.edu.mn.
Гомбоо багшийн багийн судалж, Олон улсын сүлжээ нутагт хамруулсан Цагаан нууранд хээрийн дадлага хийх үеэр.
Хурлыг ивээн тэтгэгч, зохион байгуулагч, хамтран ажилласан багийнхан
Нийт 5 өдрийн сургалтыг удирдан хөтлөх нь тийм ч амар хэрэг биш бололтой.