ЭМГЭНЭЛ

Share Button

Төмөрсүхийн Лхагвасүмбэрэл (1988-2015)

(https://www.researchgate.net/profile/Lkhagvasumberel_Tumursukh)

cumberelМонгол Улсын Их Сургуулиийн Шинжлэх Ухааны Сургуулийн Биологийн тэнхимийн магистрант, Ирвэс хамгаалах сангийн биологич Т.Лхагвасүмбэрэл нь 2015 оны 11 дүгээр сарын 6-наас 9-ний хооронд зуурдаар нас нөгчиж, гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, эрдмийн хамт олонд нь хүнд гарз тохиолоо.

Т.Лхагвасүмбэрэл нь 1988 оны 04 дүгээр сарын 06-нд Архангай аймгийн Ихтамир суманд Ж.Төмөрсүхийн ууган хүү болон мэндэлжээ. Тэрээр 1996 онд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны бага сургуульд элсэн орж, улмаар 2006 онд Монгол Улсын Их Сургуулийн Биологийн ангийг 2010 онд Амьтан судлаач мэргэжлээр төгсжээ. 2010 оноос Ирвэс хамгаалах санд ажиллаж, Өмнөговь аймгийн Тост, Тосонбумбын нурууны цоохор ирвэсний урт хугацааны судалгааны төвийн менежерийн ажлыг үр бүтээлтэй гүйцэтгэж байлаа. Ажиллаж байх хугацаандаа МУИС-ийн магистрантурт элсэн суралцаж, цоохор ирвэсний үндсэн идэш болох янгирын судалгааг Монголд анх удаа давхар ажиглагчийн аргаар амжилттай судалсан үр дүнгээ мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж, түүгээрээ магистрын зэрэг хамгаалахаар бэлтгэж байсан юм. Мөн нутгийн иргэдэд байгаль орчны боловсрол олгох чиглэлд ихээхэн анхаарч, малчид-ирвэсний хоорондын зөрчлийг бууруулахын тулд махчин амьтнаас малаа хамгаалах хашааг нэвтрүүлэх ажлыг олон улсын санхүүжилтээр эхлүүлэн ажиллаж байжээ. Байгаль орчин, танин мэдэхүйн чиглэлийн “Хүрээлэн” цувралын ирвэсний тухай нэвтрүүлэгт оролцож, судалгааны ажлаас танилцуулж байв.

Т.Лхагвасүмбэрэл нь МУИС-ийн магистрантурт суралцах богино хугацаандаа судалгааны ажлын үр дүнгээрээ олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд гурван өгүүлэл хэвлүүлж, эрдэм шинжилгээний ажлын гүйцэтгэлээрээ багш нартаа ч үлгэр дууриал болохуйц түвшинд ажиллаж байсан манай тэргүүний судлаач залуусын нэг байсан юм. Тэрээр 2004 онд Хөвсгөл аймагт явагдсан Биологийн олимпиадад нэгдүгээр байр, 2009 онд зохиогдсон зэрлэг амьтдын гэрэл зургийн уралдаанд 3 дугаар байр, 2013 онд байгууллагын аварга, 2014 онд өөрийн дэвшүүлсэн төслөөрөө олон улсын байгууллагаас судалгааны тэтгэлэг хүртэж байсан манай залуу үеийн манлайлал болсон мэргэжилтэн байлаа.

Талийгаачийн ажилч хичээнгүй чанар, хүнлэг энэрэнгүй, даруу төлөв зан, аливааг сурч мэдэх эрмэлзэл бидний сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

МУИС-ийн эрдмийн хамт олон

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар