МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Б.Чимидийн нэрэмжит болголоо

Share Button

Монгол Улс эх орондоо дээд боловсролтой хуульч бэлтгэж эхэлсний 55 жилийн ой 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тохиож байна. Хууль зүйн сургууль үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойн “Монгол Улсын хууль зүйн шинжлэх ухаан: Өнөө ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хуралд УИХ-ын дарга З.Энхболд оролцож нээж үг хэллээ.

Нээлтийн үеэр УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн 55 жилийн ойн баярын мэнд хүргээд “Хоёр жилийн өмнө Монгол Улсын Их сургуулийн удирдлагууд Хууль зүйн сургуулиа Бяраагийн Чимидийн нэрэмжит болгох хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг өчигдөр шийдэж, Засгийн газрын тогтоол гарснаар Хууль зүйн сургууль Ардын багш, Гавьяат хуульч Бяраагийн Чимидийн нэрэмжит болж байна. Улсын Их Хуралд тус сургуулийн төгсөгчид олон бий, тэднийг төлөөлөн өнөөдөр ирлээ. Өнөөгийн манай нийгэмд хууль эрх зүй хамгийн их эрэлттэй мэргэжлийн нэг болжээ.  Энэ бол маш сайн хандлага. Гэвч, эрх зүйн боловсролын хүртээмж, чанарыг улам сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа” гээд тус сургуулийн хамт олонд баяр хүргэж, эрдэм шинжилгээний хуралд амжилт хүссэн юм.

Улмаар Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар  Засгийн газрын тухай хуулийн 30.1 дэх заалт болон МУИС-ийн саналыг үндэслэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит болгохоор шийдвэрлэв.

chimed guaiШинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимид 1966 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөнөөс хойш тус сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, Шүүх яамны сайд, Улсын дээд шүүхийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн газарт хэлтсийн дарга, Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга, 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ.

Б.Чимид нь Монгол Улсын засаг захиргааны анхны нэгж, батлан хамгаалах салбар, боловсролын салбар, шүүх эрх мэдэл, хууль тогтоох болон гүйцэтгэх дээд байгууллагад 60 гаруй жил ажиллахдаа эрдэм шинжилгээний ажилд мэдлэг чадвар, дадлага, туршлагаа зориулсан судлаач байлаа. Улс төрийн чухал баримт бичгүүд, хууль боловсруулах ажлыг тасралтгүй хийсний дотор шинэ Үндсэн хууль боловсруулахад мэргэжил, арга зүйн талаар зохицуулан оролцож, парламентаар хэлэлцэн батлахад Үндсэн хуулийн эх баригчаар томилогдон ажилласан юм. Хуульч боловсон хүчин бэлтгэх ажилд амьдралынхаа 50 гаруй жилийг зориулан, Эрх зүйн үндэс,  Монголын төр, эрх зүйн түүх, Үндсэн хуулийн болон захиргаа, санхүү, иргэний эрх зүй, хүний эрх, захиргааны шүүхийн асуудал зэрэг мэргэжлийн олон хичээл зааж, олон мянган хуульч бэлтгэсэн сурган хүмүүжүүлэгч юм. Засгийн газрын тогтоол шийдвэрийг эндээс дэлгэрэнгүй үзнэ үү.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн үнэт зүйлс болсон үе үеийн нийт багш, ажилтан, төгсөгч болон оюутнууд Та бүхэнд 55 жилийн ойн баярын мэнд хүргэе!

7

6

huuli

1 2 3 (2)  5

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар