Өнөө үед дэлхийн аль ч улс орны хувьд мэдлэгийн хүч, бүтээх чадвар нь тухайн улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсноор барахгүй мэдлэгийг бүтээх, олж авах, эзэмших, дамжуулах, хэрэглэх, хөгжүүлэх нөхцөл боломж, чадавхийг бүрдүүлэх нь тухайн улс орны иргэн бүрийн зайлшгүй анхаарч үзэх чухал асуудал болж байна.
“Инновацийн шийдэл-бидний амьдралд” уралдаант шалгаруулалтыг Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас 2 дах удаагаа зохион байгуулсан бөгөөд хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Оюуны өмчийн газар, дэмжигч байгууллагаар БНСУ-ын Оюуны өмчийн газар ажилласан ба шалгаруулалтыг 2 үе шаттай зохион явуулсан. Тус уралдааны үндсэн зорилго нь бидний өмнө өдөр тутам тулгарч байдаг техникийн бэрхшээлтэй аливаа асуудлыг шийдвэрлэх, оновчтой шийдлийг олох, ингэхдээ патентийн мэдээллийг ашиглаж сурах, түүнчлэн олонтаа гарч байдаг техникийн бэрхшээлийг нэн ялангуяа манай орны нөхцөл байдалд тохируулан шийдвэрлэсэн инновациийг дэмжиж урамшуулахад чиглэгдсэн юм.
2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулагдсан эцсийн шатны шалгаруулалтад МУИС-ын Шинжлэх Ухааны Сургуулийн Байгалийн ухааны салбарын Биологийн тэнхмийн Проф. Б.Батжаргал, дэд Проф.Б.Очирхуяг, зөвлөх проф. Ж.Сүхдолгор болон туслах ажилтан Б.Цэрэнжадамба нарын судлаачдын багийн “Сүүний үйлдвэрийн хаягдал шар сүүг ашиглан антиоксидант идэвхтэй ундаа үйлдвэрлэх арга” шийдэл 2 дугаар байр эзэлж ДОӨБ-ын медаль хүртсэн нь шинэ оны өмнө хамт олондоо барьсан том бэлэг боллоо.
Уг технологиор уламжлалт аргаар эсгэсэн эсгэлэн сүүн бүтээгдэхүүнээс ялган авсан биологийн өндөр идэвхт нэгдэл нийлэгжүүлэгч сүүн хүчлийн бактерийг ашиглан үйлдвэрийн аргаар пробиотик болон антиоксидант шинж чанартай бүтээгдэхүүнийг гарган авах, нөгөө талаас айл өрхүүд гэрийн нөхцөлд өөрийн хэрэгцээг хангах бүтээгдэхүүн хийх боломжтой болно. Энэхүү бүтээгдэхүүн нь эзэн организмыг эрүүл байх нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг хоол боловсруулах эрхтний хэвийн ажиллагааг хангах пробиотик өсгөврийг агуулаад зогсохгүй антиоксидант шинж чанартайгаараа онцлог юм.
Тус уралдаант шалгаруулалтад амжилттай оролцсон судлаачдын багийг МУИС-ийн удирдлагууд хүлээн авч уулзан баяр хүргэлээ.
Уулзалтын үеэр манай багш судлаачдын боловсруулж буй технологийг хөгжүүлэх, инновацийг бүтээгдэхүүн болгох, оюуны өмчийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, гарааны компани байгуулах, эрдэм шинжилгээний байгууллагаас хувийн хэвшилд оруулдаг инноваци, технологи дамжуулалтыг эрчимжүүлэхэд багш судлаачдад тулгарч буй асуудлууд болон удирдлагын зүгээс шийдвэрлэх шаардлагатай асуудлуудын талаар харилцан санал солилцлоо.
Мөн нөгөө талаас хувийн хэвшилд судалгаа шинжилгээ, инновацийн үр шимийг хүртэх боломжийг өргөжүүлж, эрдэм шинжилгээний байгууллагад оруулах хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх, их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Технологи дамжуулах төвийн гүйцэтгэх үүрэг чухал болохыг онцлон тэмдэглэлээ.